"Номын баярын өдөр тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
2012-08-28 19:46 Админ

       "Номын баярын өдөр тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 158-р зарлиг гарлаа.

Уг зарлигт

          "Номын баярын өдөр тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 158-р зарлиг гарлаа.Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдлэж есөн эрдэнээр чимэглэн, шасдир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, ном дор мөргөхийг сүслэн, эрхэмлэн уншдаг ариун ёс, уламжлал бий.

Эдүгээ энэ сайхан уламжлал хэвээр хадгалагдаж буй бөгөөд Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг гэгээн ирээдүй чухамхүү эрүүл бие, саруул ухаантай, эрдэм боловсролд тэмүүлсэн Монгол хүнээс шалтгаалах буюу.

Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэсүгэй.

2. Номын баярын өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:

а) Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд, залуучууд, ард иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа зохион байгуулж, хэвлэмэл болон сонсдог, дижитал буюу тоон технологид суурилсан номын үзэсгэлэн худалдаа гаргах, ном солилцох, бэлэглэх, хандивлах,

б) Шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх, уламжлалаа сэргээж “Номын сайн нөхөр” тэмдэгтэнг олноор төрүүлэх, тэднийг сургууль, анги, хамт олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл мэдээллээр сурталчлах,

в) Аймаг, сум, тосгонд ном унших нийтийн танхим, номын сан байгуулж тохижуулах.

3. Номын баярын өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ



 

Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангаас “Номын сангийн нээлттэй өдөр”-ийг 2012 оны 08 сарын 28-с 2012 оны 09 сарын 14-ны өдрүүдэд зохион явуулж байна. 


•    Шинээр элсэгчдэд зориулсан ерөнхий эрдмийн номын үзэсгэлэн
•    Мэргэжлийн ном, сурах бичиг, сэтгүүлийн үзэсгэлэн
•    Номын санч мэдээллийн ажилтнуудын дунд сургалт  
•  Шинээр элсэгч оюутнуудад зориулсан “Онлайн мэдээллийн сан” сургалт, Мөн өнгөрсөн жилийн хугацаанд хамт олноо манлайлан үлгэр жишээч үйлчилгээ үзүүлсэн номын санч, мэдээллийн ажилтнуудаа шагнаж, урамшуулах ажлуудыг зохион байгуулж байна.
       Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан, СБЗГ-тай хамтран шинээр элсэгч оюутнуудад зориулан Номын сангаар хэрхэн үйлчлүүлэх, электрон каталог, онлайн лавлагаа, электрон ном,  сэтгүүл, сонин хэрхэн ашиглах талаар сургалтыг хуваарийн дагуу тогтмол явуулж байна.