ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцлоо
2012-09-04 21:02 Админ

Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр болж Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Улаан, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцов. Нээлтийн ёслолын ажиллагаа морин хуурын аялгуугаар эхэлсэн.

ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “Монголын инженерүүдийг бэлтгэж ирсэн манай сургуульд шинээр элсэн орж байгаа оюутан залуустаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Манай сургууль гадаад харилцаагаа уламж өргөжүүлж Америк, Хятад, Орос, Герман гээд олон улсын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж оюутан шилжин суралцах боломжийг бүрдүүлж өгсөн. Сургуулийн хувьд энэ жил 1.2 тэрбум төгрөгөөр 200 гаруй анги танхимыг засварласан. Сургалтыг сайжруулах үүднээс багш, оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлж байна” гэлээ.

 

Харин УИХ-ын дарга З.Энхболд “1984-1988 онд би Уралын Политехникийн их сургуульд сурч байхдаа тэр үеийн монголын Политехникийн их сургуулийн оюутнуудад хэрэгтэй сурах бичиг, гарын авлагыг цугалуулж байсан түүхтэй. Түүнчлэн хоёр улсын оюутнуудын хороонд хамтын ажиллагааг бий болгож байснаар би энэ сургуультай холбогддог. Миний хүү энэ сургуульд Уул уурхайн инженерийн мэргэжлээр суралцаж тус сургуулийн хамтарсан хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академид үргэлжлүүлэн сурч байна.” гэж үгийнхээ эхэнд дурдсан. “Бидэнд хамтдаа шийдвэрлэх олон чухал асуудлууд бий. Юуны өмнө их, дээд сургуулиудыг түшиглэн дэвшилтэт технологийг түлхүү дэмжсэн сургалтын тогтолцоог бий болгоно.
Энэ чиглэлээр суралцаж төгсөх оюутны тоог нэмэгдүүлэх, сургуулиудын бие даасан байдлыг бэхжүүлэх, сургалт-судалгааны төвүүдийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Ингэхдээ шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээс гадна их, дээд сургуулиудын дунд нээлттэй өрсөлдөөнт шалгаруулалтаар судалгааны ажлыг санхүүжүүлэх, чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлнэ. Сургуулиуд дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулж, түүндээ дэвшилтэт технологийн компанийг бойжуулж, зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжинэ.” гэв.

 

Мөн УИХ-ын дарга З.Энхболд өөрийн нутаг болох Өвөрхангай аймгийн Уянга сумын Найман нуурын зургийг ШУТИС-д дурсгал болгон бэлгэлсэн юм.  
   Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, удирдах зөвлөлийн дарга Ч.Улаан, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар шилдэг оюутнуудад олгодог Ректорын нэрэмжит тэтгэлгийг 3 оюутанд гардуулан өгөв.