“Чанартай дээд боловсрол” уулзалт хэлэлцүүлэг боллоо
2012-09-11 01:28 Админ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар “Чанартай дээд боловсрол” уулзалт хэлэлцүүлэг 2012 оны есдүгээр сарын 9-ний өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын санд боллоо. Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн удирдлага эрдэмтэн профессорууд оролцож “Чанартай дээд боловсрол”-ын төлөө санал бодлоо хэллээ. Уулзалтанд ШУТИС-ийн Сургалтын проректор Я.Наранцэцэг “Сургалтын кредит систем нь ШУТИС-ийн шинэчлэлийн түлхүүр мөн”, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал “Дээд боловсролын шинэчлэлийн мөн чанар юунаас эхлэх вэ” гэсэн илтгэлийг  сонсож хэлэлцсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ийм уулзалтыг ойрын хугацаанд багтаан хэд хэдэн удаа хийнэ. Багш нар та бүхэн эхний удаад ийм таван ажлыг ажил хэрэг болгомоор байна гэсэн бүтээлч санал гарга. Ингэхдээ их, дээд сургуулиуд бие даасан, өөртөө засах, засаглах эрх мэдэлтэй байх учиртай. Түүнээс  аль нэг улс төрийн намаас харьяатай байх ёсгүй. Мөн тоо биш чанарт тулгуурласан дээд боловсрол, сургалтад суурилсан их сургуулиас судалгаанд суурилсан их, дээд сургууль байх нь зүйтэй. Дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, сургалтыг чанаржуулахын төлөө шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд  дорвитой ажлуудыг хийнэ.” гэж уулзалтийн үеэр онцоллоо.

 

Тус уулзалтанд оролцогчид болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг ШУТИС-ийн Е-нээлттэй их сургууль болон бүрэлдэхүүн сургууль, номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.


ЗХШҮГ