“Хүний хөгжлийн шинэ хандлага ба боловсролын Инноваци, манлайллын ур чадвар” Сургалт, семинар боллоо
2012-09-26 00:52 Админ

“Хүний хөгжлийн шинэ хандлага ба боловсролын инноваци, манлайллын ур чадвар” сургалт, семинарыг АНУ-ын Махаришийн менежментийн их сургууль(ММИС)-тай хамтран 2012 оны 9-р сарын 19-21-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхим (604 тоот)-д зохион байгуулав.

Уг сургалт, семинараар Махаришийн менежментийн их сургуулийн нэр хүндтэй эрдэмтэн профессорууд хүний хөгжлийн шинэ хандлага, инноваци, манлайллын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлийн түвшинг дээшлүүлэх, боловсролын шинэ хандлага болоод буй хүнийг дан ганц сургаад зогсохгүй зөв хүн болж төлөвших, өөрийн бие, оюуны чадавхиа нээж, бүрэн дүрэн ашиглах, сэтгэл хангалуун, стресс бухимдалгүй ажил, амьдралаа зохицуулах, зохион байгуулах чадвар мэдлэг олгоход чиглэсэн Ухамсарт суурилсан боловсрол (Consciousness Based Education), түүний арга техникийн талаар нэн сонирхолтой лекц уншиж, хүний уураг тархины чадавхи, үүрэг функц, далд ухамсарын чиглэлээр олон жилийн туршид явуулж ирсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүдээс танилцууллаа.

Түүнчлэн удирдах ажилтнууд, менежерүүдийн манлайллын ур чадвар, уураг тархины үйл ажиллагааг “Electroencephalogram (EEG)” аппаратаар хэмжиж тодорхойлох чиглэлээр үзүүлэх сургууль хийж цаашид энэ хүрээнд монголын эрдэмтэд судлаачид, бизнесийн байгуллагуудтай хамтран ажиллах боломж, арга замын талаар хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулав.

Уг арга хэмжээнд ШУТИС-ийн салбар сургуулиудын профессор, багш нараас гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Мобиком корпораци, “MCS” ХХК, “Ньюфонд” ХХК, “Автонэт” ХХК, “Мон кротаж” ХХК, “Азурайз” ХХК, “Балданс” ХХК, НҮБХХ, “Дэлхий зөн” олон улсын байгууллага, Хас банк, Төрийн банк  болон МУИС, ЭМШУИС, ХААИС, СУИС, МУБИС, СЭЗДС, Төмөр замын дээд сургууль, “Сэрүүлэг” дээд сургууль, “Түшээ” дээд сургууль, “Газарчин” дээд сургууль, “Тэнгэр” дээд сургууль, “Этүгэн” дээд сургууль, “Зуун билэг” сургууль, “Шинэ монгол” сургууль, ЧХБ-ын төв, “Амжилттай боловсрол” ТББ, “Зар мэдээ” сонин зэрэг 40 гаруй байгууллагын 130 гаруй төлөөлөгч, хувиараар судалгаа шинжилгээ хийдэг 10 гаруй судлаач оролцлоо.  

3 өдрийн сургалт, семинар амжилттай явагдаж, хамрагдсан хүмүүст ШУТИС, ММИС-ийн хамтарсан сертификат олгов.

ШУТИС, КтМС, ЭШИ-ийн алба