Хоолзүйчдийн олон улсын хурал боллоо
2012-09-26 21:11 Админ

2012 оны 9 сарын 5-8 өдрүүдэд Австрали улсын Сидней хотноо Хоолзүйчдийн олон улсын  их хурал зохион байгуулагдлаа. Манай улсаас Монголын Хоолзүйч, технологичдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон хоол үйлчилгээний бизнес эрхлэгч байгууллагуудаас тус их хуралд 8 төлөөлөгч оролцлоо.Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ХИБС-ийн профессор Г.Энхтайван, ахлах багш Д.Цэцэгмаа нар оролцлоо.

Хуралд олон улсын дэлхийн хоолзүйчдийн холбооны гишүүн 40 гаруй орны төлөөлөгчдөөс гадна бусад орны төлөөлөгчид нийт 70 гаруй орны төлөөлөгчид оролцлоо.Хурлын үеэр 120 гаруй салбар хуралдаан, семинарууд, 50 гаруй хүнсний бизнес эрхлэгч байгууллагууд оролцсон үзэсгэлэн  зохион байгуулагдлаа.

Олон улсын Хоолзүйчдийн холбооны гишүүн орнуудад хоолзүйчдын мэдлэгийг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах  ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд хоолзүйчдийн стандартыг тогтоох зорилгоор 42 орны хоолзүйчдийг хамруулсан судалгааг 2012 оны 4-р сард явуулсан талаар  танилцууллаа.Түүнчлэн дэлхий нийтээр хэт таргалалттай хүмүүсийн хооллолтын асуудалд анхаарлаа хандуулан хооллолтын зохистой хэрэглээг бий болгох талаар  хоололтын стандартыг шинэчилэн тогтоох ажлууд хийгдэж байгаа талаар хэлэлцлээ.Зарим улс орнуудад сургууль, олон нийтийн байгууллагаас гадна  хоолны үйлчилгээний бизнесийн байгууллагуудын ажилчдад хоолзүйн талаар мэдлэг олгох сургалтын ажлуудыг зохион байгуулан тодорхой үр дүнд хүрсэн талаар танилцууллаа. Оюутны хооллолтонд фаст фүүдийн хэрэглээ өндөр байгаа нь хооллолтын зохистой дэглэмийг алдагдуулж, фаст фүүдийн хэрэглээ нь амьтны гаралтай тосны хэрэглээг нэмэгдүүлэх үндэс болж байгаа талаар илтгэлд дурьдагдлаа. Манай төлөөлөгчид хоолзүйн судалгааны арга зүй, хооллолт ба хооллох цагийн хуваарь, хоол үйлчилгээ, хоолны цэсний стандарт, зар сурталчилгааны хооллолтын дэглэмд үзүүлэх нөлөөлөл зэрэг сэдэвт салбар хуралдаанд оролцож, төлөөлөгч Д.Сайнцэцэг зохистой хооллолтын хэрэглээг хүүхэд наснаас нь бий болгох сургалтыг зохион байгуулахад анхаараад зогсохгүй бизнесийн эрх ашгаас илүү хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор  телевизийн буруу сурталчилгаанаас зайлсхийх саналыг дэвшүүлсэн. Хоололтын дэглэмийн боловсронгуй болгох  чиглэлээр улс орнуудад судалгааны ажлууд ихээр хийгдэж байгаа бөгөөд хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь зохистой хооллох дэглэмийг бий болгох, хүн амын зохистой хооллолтын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр улсын санхүүжилтээр сургалт, сурталчилгаа, судалгааны ажлуудыг зохион байгуулж байгаа талаар зарим орнуудыг туршлагаас  харахад манай оронд ч зохистой хооллолтын асуудалд анхаарч улс орны хэмжээнд энэ чиглэлээр цэгцтэй бодлого баримтлан анхаарч ажилах нь зүйтэй гэж үзэж байна.

ХИБС багш Д.Цэцэгмаа