ОЛОН УЛСЫН ГЕОЛОГИЧДЫН 34-Р КОНГРЕССТ ОРОЛЦОЖ ИРЛЭЭ
2012-09-27 00:34 Админ

Австралийн Брисбен хотод болсон 4 жил тутамд зохион байгуулагддаг олон Улсын Геологичдын 34-р Конгресст оролцож ирлээ. Тус Конгресст дэлхийн 112 орны 6012 төлөөлөгч оролцож амжилттай болж өнгөрсөн бөгөөд конгресст Монголоос төлөөлөл болж төрийн болон төрийн бус байгууллага, их сургууль, хувийн хэвшлийн байгууллагаас  нийт 15 мэргэжилтэн оролцсоноос ШУТИС-аас ГГТС-ийн Петрологи, минералогийн профессорын багийн профессор, Олон улсын Геологийн холбооны дэд ерөнхийлөгч О.Гэрэл, ГГТС-ийн захирал Д.Оюун, эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, докторант Б. Соёлмаа  нар сургуулиа төлөөлөн оролцсон.

Олон Улсын Геологичдын 34-р Конгресст оролцсон төлөөлөгчид

Конгресс 2012 оны 8-р сарын 05-наас 10-ныг дуустал үргэлжилсэн бөгөөд их хурлын явцад 288 эрдэм шинжилгээний салбар хуралдаанууд Брисбений Соёлын төвийн 24 зааланд нэг зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдаж хурлын явцад 3712 аман илтгэл, 1439 ханын илтгэл хэлэлцэгдсэн. Профессор О.Гэрэл, Б.Дэлгэрцогт нар аман илтгэл, О.Гэрэл, Д.Оюун, Б.Батхишиг, Ө.Бүрэнжаргал нар ханын илтгэл хэлэлцүүлсэн.

 

Профессор О.Гэрэл “Mining environmental and geoethical problems in Mongolia” сэдвээр аман илтгэл, “Rare earth element-bearing alkaline complexes in South Mongolia”, “Mongolian women in geoscience” сэдвүүдээр ханын илтгэл  хэлэлцүүллээ.

 

Д.Оюун “Hydrological investigations in Balgasyn Ulaan Nuur, Mongolia using remotely sensed data” сэдвээр ханын илтгэл хэлэлцүүлсэн.

Б.Батхишиг “Magmatic-hydrothermal activity in the Shuteen Complex South Mongolia” сэдвээр ханын илтгэл хэлэлцүүлж байгаа нь.

 Олон улсын геологичдын 34-р Конгресс нь их хурлын өмнөх, хурлын үеийн, хурлын дараахь үйл ажиллагаа гэсэн үе шаттайгаар явагдаж хурлын гол үйл ажиллагаа болох үндсэн ба тусгай, сэдэвчилсэн, ерөнхий хуралдаанууд, ханын илтгэлүүд, богино курсууд зохион байгуулагдсан. Хурлаас өмнөх болон дараахь үйл ажиллагаа нь тодорхой чиглэлүүдээр хээрийн аялал, хурал, богино курс, байгуулага нийгэмлэгүүдийн уулзалт хурлууд байсан бөгөөд хээрийн судалгааны 29 экскурс хийгдлээ.

 Мөн хурлын явцад 283 байгууллага оролцсон ГеоЭкспо-2012 үзэсгэлэн амжилттай явагдаж сонирхолтой ном, үзмэр, мэдээллүүдийг хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд түгээж байсан ба тус үзэсгэлэнд дэлхийд нэртэй олон их дээд сургуулиуд, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, эрдэм шинжилгээний хүрээлэн, томоохон компаниуд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж  оролцсон.

 

Энэхүү конгресст оролцсоны хувьд олон орны геологийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж туршлага солилцох, шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлага, техник, технологитой танилцаж ирлээ.

Олон улсын геологийн 34-р конгресс нь өөрийн мэргэжил нэгт хүмүүстэй харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах холбоо тогтоох, геологи, гидрогеологи, инженер геологи, геоэкологийн ховор, сонирхолтой объектуудыг үзэж танилцах, геологийн шинжлэх ухааны ба салбаруудын хөгжлийн орчин үеийн түвшинг дүгнэх, гарч буй асуудлыг хэлэлцүүлэх, шийдэх мөн цаашдын судалгааны чиг хандлагыг тодорхойлох, хөгжингүй орнуудын геологийн судалгаанд гарсан ололт амжилт, нээлт, арга технологийн талаархи мэдээлэл авах, бизнесийн үйл ажиллагааны хувьд чухал ач холбогдолтой хурал боллоо.

 Дараагийн их хурал 2016 онд Өмнөд Африкийн Cape town-д зохион байгуулагдах юм.

 Профессор О. Гэрэл

Дэд профессор Д. Оюун

Доктор Б. Батхишиг


ЗХШҮГ