Toмскийн томилолт...
2012-10-03 23:34 Админ

ОХУ-ын зүүн хойт хэсэгт хагас сая хүнтэй, шинжлэх ухаан, боловсролын нэгэн төв-гайхамшигт цагаан хусан ойд байрлах эртний түүхт Томск хот оршино. Энэ хотод зөвхөн орос оронд төдийгүй дэлхийд алдартай ОХУ-ийн ШУА-ын Сибирийн салбарын Газрын тосны хүрээлэнд бид газрын тосны ордын ундрагыг сайжруулж, олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулалтын технологийг тогтоох чиглэлийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2 дахь удаагаа оролцов.

Уг хуралд 8 орноос төр засгийн 5, шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэл бизнесийн 41 байгууллагаас 362 хүн хүрэлцэн ирсний  дотор академич-5, шинжлэх ухааны доктор-40, доктор-112 хүн оролцож, бүгд хуралдаан болон 4 секцийн хуралд  85 аман илтгэлийг хэлэлцэж, 100 гаруй хананы илтгэл танилцуулагдсан нь энэхүү арга хэмжээний цар хүрээ, шинжлэх ухааны түвшинг илтгэж байгаа болно

. Хуралд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын А.А.Тромфимукийн нэрэмжит газрын тосны геологи, геофизикийн хүрээлэнгийн академич А.Э.Конторовичийн XXI зууны газрын тосны салбарын хөгжлийн хандлага”, Унгарын академич Иштаван Лакатсын “Нүүрсустөрөгчийн хийг уламжлалт бус аргаар гарган авах арга, технологи ”, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Газрын тосны химийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Л.К.Алтунинагийн тавьж хэлэлцүүлсэн “Өтгөн хүнд газрын тосны олборолтыг нэмэгдүүлэх арга, технологи” зэрэг илтгэлүүд нь онц сонирхолтой байв.

 

Мөн түүнчлэн ОХУ-ын ШУА, түүний салбарууд, их, дээд сургуулийн эрдэмтэд, мэргэжилтэнүүд болон шинэ залуу судлаачдын газрын тосны олборлолт, боловсруулалтын талаар тавьсан олон илтгэлүүдэд газрын тосны ордын ундаргыг нэмэгдүүлэх, өтгөн хүнд газрын тосны олборлолтын болон  гүн боловсруулалтын  талаар гаргасан үр дүн хэлэлцэгдэв.

ШУТИС-ийн ГГТС-ийн Газрын тосны салбарын эрхлэгч, доктор, проф Ж.Цэвээнжав, дэд проф, доктор В.Алимаа, Уул уурхайн яамны мэргэжилтэн А.Пүрэв нарын ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран РФФИ-ийн төслийн хүрээнд хийгдсэн “Монголын газрын тосны ундаргыг ГИБ болон шүлтийн шингэний холимгийг шахах замаар нэмэгдүүлж, олборлолтыг сайжруулах судалгаа” сэдэвт илтгэл танилцуулагдав. Мөн түүнчлэн манай шавь ШУТИС-ийн ГГТС-ийн ГТИС-ийн төгсөгч, МУИС-ийн докторант,  ИНЕГ-ийн лабораторийн инженер Ж.Сайнбаярын өөрийн удирдагч багш ш/у-ны доктор Д.Монхообор, зөвлөгч доктор Г.Сүхдорж, доктор В.Алимаа нарын хамт бэлтгэсэн “Монголын газрын тосны микроэлэментийн судалгаа”  хананы илтгэл байдлаар танилцуулагдав.

 

Энэ хурлын үеэр Сибири нутагт газрын тос, хийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний-60, Томск мужид газрын тос олборлож эхэлсний–50 жилийн түүхт ойнууд тохиож, тэдгээрт профессор Ж.Цэвээнжав урилгаар оролцов.

Хагас сая хүн амтай, үүнээс 150 мянга шахам оюутантай, шинжлэх ухаан боловсролын энэхүү хотод манай нилээд залуучууд, түүний дотор ОХУ-ын шинжлэх ухаан, судалгааны үндэсний их сургууль болох Томскийн Политехникийн Их сургуульд хэд, хэдэн хүн  суралцаж, манай ШУА-ын ХХТХ, ШУТИС-ийн ГГТС зэрэг байгууллагууд Томскийн НХИ-тэй нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна.