“Усны хүч 2012” Эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал боллоо
2012-12-20 17:48 Админ

ШУТИС-ийн ОХ-ны Эрдэм шинжилгээ, технологийн алба болон ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран зохион байгуулсан “Усны хүч 2012” Эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал 2012 оны 12 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Эхний шат нь 2 хэсэгтэй бөгөөд 12 дугаар сарын 5-6-ны өдөр, хоёрдугаар шат нь 12 дугаар сарын 7-ны өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 12-ны өдөр болов. Эхний өдөр нийт 34 илтгэл тавигдсан бөгөөд ШУТТНС-ийн хурлын танхимд зохион байгуулсан юм. Нэгдүгээр шатны 2 дугаар хэсэгт нийт 17 илтгэл тавигдаж ШУТИС-ийн нэгдүгээр байрны Эрдмийн зөвлөлийн 203 тоот танхимд явагдсан. Тус бага хуралд 8 их, дээд сургуулийн 112 оюутны 87 илтгэлийн материалыг хүлээн авснаас 51 илтгэл  шалгарч тавигдсан байна. Нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг 11 илтгэл хоёрдугаар шатанд шалгарч ШУТИС-ийн нэгдүгээр байрны Хурлын танхимд  нийт оюутан залуусын дунд  нээлттэй явагдаж шилдгээ шалгарууллаа.

Шагналт байр болон шүүгчдийн бүрэлдэхүүн

 

Шүүгчдийн бүрэлдэхүүн

Шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн БИАС-ийн профессор Н.Чулуунхуяг, ЭХИС-ийн ахлах багш Б.Оюунсувд, МТС-ийн ахлах багш Н.Отгонтуул, ЭМШУИС-ийн багш Н.Өнөрцэцэг, ХААИС-ийн багш Н.Байгаль-Амар, ЮНЕСКО-ийн мэргэжилтэн Н.Чимэддулам нар ажиллав.

Шагнал гардуулах ёслолоос

 

Тэргүүн байрын шагналтнууд 

Нэгдүгээр байранд ЭМШУИС-ийн оюутан Б.Бямбадорж, Г.Анхболд, Г.Хулан нарын “Усны биоэнергийн судалгаа” бүтээл,  хоёрдугаар байранд ШУТИС-ийн ХИБС-ийн оюутан Б.Лхагвасүрэнгийн “Оюутны дотуур байрны ундны усанд хийсэн эрүүл ахуйн чанарын судалгаа” бүтээл, гуравдугаар байранд ШУТИС-ийн ДаТС-ийн оюутан М.Розагийн “Ахуйн бохир усыг хөрсөөр цэвэрлэсэн туршилтын судалгаа” бүтээл, дөрөвдүгээр байранд МУИС-ийн НШУС-ийн оюутан Н.Цолмонгаравын “Олон нийтийг идэвхжүүлэх нөлөөллийн стратеги боловсруулах” /Балгасан улаан нуурын жишээн дээр/ бүтээл, тусгай байранд ШУТИС-ийн ҮТДС-ийн оюутан Т.Ренчингийн “Усны зохистой хэрэглээн дэх техникийн дэвшил, хаягдал усыг дахин ашиглалт” бүтээл  тус тус шалгарлаа. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссийн ерөнхий нарын бичгийн дарга Г.Жаргалсайхан, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат, ШУТИС-ийн ОХ-ны тэргүүн Б.Мягмардорж нар шилдэг оюутнуудад шагнал гардуулж цаашдын судалгааны ажилд амжилт хүсэж үг хэлэв.

ОХ-ны Эрдэм шинжилгээ, технологийн алба