Эмгэнэл
2013-03-27 16:57 Админ

Бидний хайрт багш, хамтран зүтгэгч, ШУТИС-ийн хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч Шарайд овгийн Цэдэвийн Цэрэн нь удтал хүндээр өвдөж байгаад нас эцэслэж бидэнд гүн эмгэнэл тохиолдлоо. Ц. Цэрэн нь 1935 онд Хэнтий аймгийн Биндэр сумын Сэрүүн галтайн  Баруун ногоон дов гэдэг газар төрж бага дунд сургуулиа дүүргэн бага сургуулийн багшаар хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

      Ц. Цэрэн багш 1961 онд МУИС-ийг түүхийн багш мэргэжлээр төгсөж Нийслэлийн 18-р сургуульд багш, 1966 оноос МУИС-д кабинетийн эрхлэгч, багшаар ажиллаж байгаад 1982 оноос одоог хүртэл тасралтгүй 31 жил ШУТИС-д багшилсаар ирсэн манай нэртэй сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэн байсан юм.

      Буриад зон олны улс төрийн хэлмэгдэл, хүнд хүчир гашуун амьдралыг өөрийн ухамсарт амьдралаар туулан өнөөдрийн Иргэний ардчилсан нийгмийг цогцлооход өөрийн хувь нэмрийг оруулсан Ц. Цэрэн багшийн эрдэм судалгааны ажил нь түүний амьдралд хамгийн ойрхон сэдэв байлаа. Тиймээс 2003 онд “Буриадуудын дүрвэлт тэднийг Лхүмбийн хэрэг гэгчид холбогдуулан хэлмэгдүүлсэн нь” сэдвээр Түүхийн ухааны доктор(Ph.D) зэрэг хамгаалж Монголын шинэ үеийн түүхийн хар, цагаан толбыг арилгах эрдэм судалгааны ажил, оюутан залуусыг эх оронч, шинэ үеийн ухамсарт иргэн болж төлөвшүүлэх сурган хүмүүжүүлэх үйлсэд тус тус өөрийн ухамсарт амьдралаа зориулсан ШУТИС-ийн НТС-ийн түүх, соёл судлалын багийн дэд профессор,  ШУТИС-ийн хүндэт профессор эрхэм хүндэт хүн байлаа.

      Тэрбээр нэгэн сэдэвт бүтээл 3, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл туурвисан Монгол улсын түүх судлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн ахмад эрдэмтэн байлаа.  

      Түүний хөдөлмөр зүтгэлийг Төр засаг өндрөөр үнэлж улс хувьсгалын ойн медиалууд, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Багшийн гавъяаны одон, Алтан гадас одонгоор тус тус шагнажээ.

      Эрхэм хүндэт Багш таны ажилч  хичээнгүй,  нөхөрсөг дотно зан чанар, бусдыг үлгэрлэн дагуулсан амьдралын хаттай туулсан амьдрал бидний болон олон түмэн шавь нарын сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

ШУТИС, НТС-ийн хамт олон