Цахим аюулгүй байдлын анхдугаар тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн оюутнууд тэргүүн байр эзэллээ
2013-04-30 22:07 Админ

Цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээн олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын тухай ойлголт, мэдлэгийг бий болгох, түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлийн мэргэжилтэн болоод оюутан залуусын мэдлэг чадварыг сорих, тэдгээрийг илрүүлэх, цаашдын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бий болгох зорилгоор 2013 оны 04 сарын 23-наас 2013 оны 04 сарын 25 хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнийг Үндэсний дата төв, Кибер аюулгүй байдлын газар, Мобиком Корпораци зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, тэмцээнд нийт 103 баг оролцсоноос багууд хасагдах журмаар хоорондоо өрсөлдөж, 4 үе шаттайгаар тэмцээний ялагчдаа тодрууллаа.

Тэмцээний 1-р үе “Эрвэл олдоно” нэрний доор явагдаж, багууд шифрлэгдсэн өгөгдлийн түлхүүрийг олох, файлд шинжилгээ хийх, мэдээллийг сэргээх зэрэг даалгавруудыг гүйцэтгэж, тэмцээний дүрмийн дагуу 12 баг дараагийн шатанд оролцох эрхийг авлаа. Шалгарсан багуудын  гурав нь ШУТИС-ийн МХТС-ийн оюутнуудын бүрэлдэхүүнтэй баг байлаа.

“Монголын нууц товчоо” нэртэй дараагийн үед багууд системийн сул тал, цоорхойг шинжлэн илрүүлэх  даалгавруудыг гүйцэтгэж, энэ үеэс шөвгийн 4 баг шалгарч үлдсэн.

“Илд бамбай” нэртэй 3-р үед тусгайлан бэлтгэсэн серверийн рүү халдаж кибер довтолгооны эсрэг хамгаалалтыг хийх, “Оргил өөд” нэртэй төгсгөлийн үед систем дээр мөрдлөг шинжилгээ хийж алдагдсан мэдээлэл, түүний шалтгаан, хэрхэн засварлах, хэвийн ажиллагаанд оруулах зэрэг үе шатуудыг давж тэмцээний аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний тэргүүн байрыг ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн Технологийн ангийн оюутнуудын бүрэлдэхүүнтэй “nom@d$” баг эзэлж 5 сая төгрөг болон ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал гардлаа. Дэд байрыг “Team1” баг эзэлж 2 сая 500 мянган төгрөг, үнэ бүхий зүйл, гуравдугаар байрыг “Chonos” баг эзэлж 1 сая 500 мянган төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэн “nom@d$” багийн Батжаргалын Түмэнзул, Батбаярын Гантулга, шувтаргын 12 багт шалгарч үлдсэн “H@wK$” багийн Амарсайханы Саруулбат, Буядаагийн Төгсбаяр, “U&J” багийн Ганбаатарын Жавхлантөр, Чулуунбаатарын Уламбаяр болон бусад идэвхтэй оролцсон бүх багууддаа ШУТИС-ийн МХТС-ийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.