ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
2013-05-06 17:04 Админ

Мэргэжилтний мэргэжлийн  түвшин, асуудал шийдвэрлэх чадамжийн төлөвшилт нь  сургалтын  технологийн явцад янз бүрийн түвшинд  шийдвэрлэдэг.  Сургалтын технологийг гардан хэрэгжүүлэгч  багш нарын арга ажиллагаанаас энэ зорилтын хэрэгжилт голлон шалтгаалж  байгааг үндэс болгон Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс санаачилж,  БШУЯ-ны Дээд боловсролын хэлтэс, ХААИС-тай хамтран дээд боловсролын сургалтын үндсэн хэлбэрүүдээр  их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачдын дунд  цуврал хэлэлцүүлгийг улсын чанартай зохион байгуулж байна.

Анхны хэлэлцүүлэг “ Их, дээд сургуулийн лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгох  асуудал” сэдвээр 2013 оны 4-р сарын 27-нд болж   МУИС, ШУТИС, БХИС, Дарханы ТИС, ЭМШУИС, МУБИС, Орхон ИС, Дархан ДС, ХААИС, СУИС, Хэл-иргэншлийн ДС, УЭДС, ХИДС, City ДС, Уб-ИС, Аврага ДС, Их монгол ДС, Эрдэнэтийн ТИС, Техник Технологийн ДС, Гурван –Эрдэнэ ДС, Баянхонгорын ХҮДС зэрэг  сургуулиудыг төлөөлсөн 70 гаруй багш, эрдэмтэн судлаачид оролцож сургалтын практик, туршилт судалгааны баримтанд тулгуурлсан онолын үндэслэл, практик ач холбогдол бүхий аргачлал, шинэ санаа дэвшүүлсэн 17 илтгэлийг сонсож хэлэлцэн санал бодол, туршлагаа солилцлоо.

Хэлэлцүүлгийн явцаас сургалтын технологи  нь боловсролын зорилтыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл бөгөөд монгол орны дээд боловсролын салбарын өмнө тавигдаж байгаа өнөөгийн шатны зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд сургалтын технологийн өнөөгийн байдалд бодит дүн шинжилгээ хийх, багш нарын сургалтын арга барил, хандлага, сэтгэлгээ, чадамжийг шинэчлэн хөгжүүлэх хэрэгтэйг онцоллоо.

Дээд боловсролын байгууллагуудад  сургалтын нэгэн хэвийн хуучин технологи, арга барил зонхилж, энэ талаар бага анхаарч байгааг тэмдэглэж , дээд боловсролын мөн чанарын өөрчлөлт шинэчлэл нь сургалтын технологи, түүнийг хэрэгжүүлэгч гол субъект болох багшаас эхлэх ёстой гэж үзлээ. Манай улсын  эдийн засаг, нийгмийн хөгжил, хөгжингүй бусад орнуудын туршлагаас  дээд боловсролын өмнө тавигдаж буй зорилтуудыг  гагцхүү байнга хөгжин төгөлдөржих шинж чанартэй уян хатан, хөдлөнгө арга барил технологи, сургалтанд хандах хандлага, арга барилаа шинээр үнэлэн цэгнэж, өөрөө хөгжих чадвар бүхий багш шийдвэрлэх үүрэгтэй. Шинэ зорилтыг хуучирсан агуулга, арга барил, сэтгэлгээ хандлага, чадамжаар бүрэн төгөс шийдвэрлэх боломжгүй юм.

Дээд боловсролын сурах үйлийн орчилд лекцийн хичээл онцгой байр эзэлдэг. Лекцийн үр дүнгээс семинар, лаборатори, бие даалт, дадлага, үнэлгээ зэрэг сургалтын бусад хэлбэрийн үр дүн шалтаалдаг . Ийм учраас дээд сургуулийн лекцийн хичээлийг явуулдаг арга, технологийг байнга хөгжүүлэн, баяжуулж засвар тохируулга хийж байх шаардлагатай. Сургалтын лекцийн хэлбэр нь хамгийн эртнийх бөгөөд бусад хэлбэрээс давуутай, давтагдашгүй  чанар  нь одоо ч хэвээр байна. Хэлэлцүүлгийн дүнгээс лекцийн хичээлийн технологийн шинэчлэлийн гол чиглэл нь түүний давуу талыг  танин мэдэхүйн зүй тогтол, зарчимд тулгуурлан сургах зүйн шинэхэн ололт туршлага, мэдээлийн технологийн арга хэлбэрээр баяжуулах, лекцийн зорилтыг хэрэгжүүлэхэд суралцагч оюутны оролцоог өргөжүүлэх, шинэ мэдлэг нь багш оюутны хамтын бүтээл болж, багш оюутан хамтдаа хөгжих шинжтэй байх, лекцээр шинжлэх ухааны өөрт хэрэгтэй байгаа мэдээллийг олох,  сурах- мэдлэг бүтээх аргад сургах, сурах үйлд идэвхи сонирхол, итгэл үнэмшил төрүүлэх, лекцийн агуулгыг мэргэжлийн хөтөлбөрийн ерөнхий зорилттой нарийн уялдуулах, үндсэн гол тулгуур асуудлуудад хандуулах зэрэг байх юм.

Түүнчлэн лекцийн танхимийн тоноглол, техник хангамж, эрүүл ахуйн нөхцөл, ном сурах бичгийн хангамж, их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэг, чадварын суурь түвшин, сургуулиудын сургалтын зохион байгуулалтын оновчтой тогтолцоо чухал юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын санал дүгнэлт, туршлагыг нэгтгэн  багш нар, их,дээд сургуулиудын удирдлага, БШУЯ-нд хандаж цуврал хэлэлцүүлгээс зөвлөмж гаргахаар ажиллаж байна. Дараагийн хэлэлцүүлэг  “ Их, дээд сургуулийн семинар-лабораторийн хичээлийн технологийг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх зорилт” сэдвээр 5-р сарын 11-нд, “ Оюутны бие даалт, үнэлгээг боловсронгуй болгон шинэчлэх асуудал” сэдвээр 5-р сарын 25-нд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Хэлэлцүүлэгт илтгэгчдээс гадна сонирхсон хүмүүс, их, дээд сургуулийн удирдлага, багш нарыг өргөнөөр оролцохыг урьж байна. Хэлэлцүүлгүүд ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн( 604-р) хурлын их танхимд болно.  

Холбоо барих хаяг: soyombo_alt2000@ yahoo.com,  Утас: 96616500

Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг            БШУЯам             ХААИС