Сургалтын нээлттэй нөөц материалын www.oer.edu.mn сайтын нээлтийн ажиллагаа 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ШУТИС-ийн төв номын сангийн 405 тоот өрөөнд боллоо. Тус нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Л.Лусанжамц, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, ШУТИС-ийн Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн проректор Т.Намнан болон төслийн багийн гишүүд, бусад албаны хүмүүс оролцлоо.
Эрдэмтэн судлаачид, профессор багш нар өөрсдийн хийсэн судалгааны ажил болон сургалтын цахим хэрэглэгдэхүүн, цахим ном зэргийг тус сайтад байрлуулсанаар нутаг дэвсгэрийн хил хягааргүйгээр хоорондоо солилцох, туршлага судлах боломжийг бүрдүүлж өгч байна. Мөн тус сайтад боловсролын бүх шатны агуулгыг оюуны нээлттэй эрхийн зөвшөөрөлтэйгээр үзэх боломжийг оюутан, суралцагчид олгож байна.
Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат “Мэдээлэл, технологийн ололт амжилтад суурилсан зайн сургалт, онлайн сургалтын системийг монгол оронд хөгжүүлэх тэр дундаа манай ШУТИС-д нэвтрүүлэх талаар олон ажил хийж байна. Өнөөдөр дэлхий даяар Боловсролын сургалтын эх материалийг аль болох нээлттэй, бусдад хүртээжтэй болгох хандлага давамгайлж байна. UNESCO-гоос ийм зөвлөмж, чиглэлийг гишүүн орнуудынхаа боловсролын байгууллагад хандаж уриалж байгаа юм. Манай сургууль UNESCO-той хамтран энэхүү боловсролын нээлттэй нөөц материалын портал сайтыг хийж нийт монголын боловсролын салбарынханд хүртээл болгож байгаад баяртай байна. Одоо бидний урд нэг асуудал байна. Энэ нь тус сайтын агуулгыг нь яаж баяжуулах вэ гэдэг асуудал юм. ШУТИС-ийн багш нар болон мөн бусад боловсролын салбарын хамт олондоо та бүгдэд байгаа боловсролын нээллтэй эх материал, цахим мэдээлэл, хичээлүүд байгаа бол түүнийгээ энэ сайт дээр чөлөөтэй тавьж олны хүртээл болгох уриалга гаргаж байна. Та бүгдийн бүтээлүүдийг хүмүүс хэрэглээд ирэхээр улам сайжруулах, хөгжүүлэх боломж нээгдэн гарч ирнэ” гэлээ. Сүүлийн жилүүдэд сургалтын нээлттэй нөөц материал бий болгох, хөгжүүлэх хөдөлгөөн дэлхийн олон оронд өрнөж байна. Тус төслийг UNESCO-гийн Боловсролын мэдээллийн технологийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр бүтээжээ.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа