Их дээд сургуулийн менежмент сэдэвт хуралд оролцов
2009-06-16 23:50 Админ

 2009 оны 5-р сарын 25-аас 29-д Австрийн Вена хотод Монгол, Австрийн их дээд сургуулиудын менежментийн талаар Монгол, Австрийн БСШУЯ болон их дээд сургуулиудын хамтарсан хурал болж өнгөрлөө. Хурлыг Австрийн Боловсрол Шинжлэх Ухаан, Судалгааны Яам, Австрийн Их Дээд Сургуулиудын Холбоо EURASIA-PACIFIC UNINET, Венагийн Техникийн Дээд Сургууль, Кернтений Дээд Сургууль, Сант Пеолтений Дээд Сургуулиуд хамтран ивээн тэтгэж, Австрийн нийслэл Вена хотод зохион байгуулсан ба Монголоос БСШУЯ, ШУТИС, МУИС оролцсон юм.  Тус хуралд ШУТИС-иас проректор Я.Наранцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

"University Development - A Common Platform: Austria & Mongolia" хурлын нээлт Австрийн Шинжлэх Ухаан Судалгааны Яаман дээр болсон ба нээлтэд хурлын төлөөлөгчдөөс гадна Австрийн Шинжлэх Ухаан Судалгааны Яам, их дээд сургуулиудын төлөөлөл, мөн Австрид суугаа Монгол Улсын элчин сайд Ж. Энхсайхан, БСШУЯ-ы мэргэжлийн боловсролын газрын дарга М. Баасанжав нар нээж үг хэлсэн юм. Хурлаар их дээд сургуулийн стратеги төлөвлөлт, сургалтын кредит систем (ECTS), эрдэм шинжилгээ, судалгааны ажил, үйлчилгээ, элсэлтийн үйл ажиллагаа, захиргааны шинэчлэл, үйлдвэрийн байгууллагуудтай хамтран ажиллах, их дээд сургуулийн бие даасан байдал /сургалт, эрдэм шинжилгээ, санхүү/ зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Австри Монголын их, дээд сургуулиуд  хамтарч ажиллах боломж буй болохыг тодорхойлов. Мөн ШУТИС, МУИС, Венагийн Техникийн Дээд Сургууль, Сант Пеолтений Дээд Сургуулиуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар хурал өндөрлөлөө. Дээрх сургуулиудын талаар www.technikum-wien.at, www.fhstp.ac.at хаягуудаар орж танилцаж болох ба эдгээр сургуулиудтай багш, оюутан солилцох бүрэн боломж нээгдэж байгааг хэлэхэд таатай байна.

 


Ц.Сарантуяа