АНУ-ын Индианагийн ИС болон Массачусетсийн ИС-д зочилсон тухай
2009 оны 4-р сарын 5-аас 4-р сарын 12 хүртэл ШУТИС-ийн ректор Б. Дамдинсүрэн, ОУХАА-ы дарга Ц. Сарантуяа нар дээрх сургуулиудын урилгаар айлчилж, Индианагийн ИС болон Массачусетсийн ИС-уудтай хамтын ажиллагааны эхийг тавилаа. Эдгээр сургуулиуд нь АНУ-ын топ 10-д багтдаг дэлхийд нэртэй сургуулиуд юм. Ингээд тус сургуулиудад хийсэн уулзалтуудаас тоочвол:
- Индианагийн ИС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Патрик Омэйра, олон улсын эрдэм шинжилгээ, хөгжлийн орлогч захирал Чарлез Рифснайдер, олон улсын хамтын ажиллагаа, стратеги төлөвлөлтийн захирал Шоун Райнолдс нартай албан ёсоор уулзаж ШУТИС, Индианагийн ИС хоёрын хамтын ажиллагааны гэрээг байгуулах боломжийн талаар хэлэлцэв. Гэрээ байгуулах үйл ажиллагаа нь нэгдүгээрт хамтарч ажиллах чиглэлүүдээ тодорхойлж, тус хоёр сургуулиудын профессорууд холбоо тогтооход орших юм. Иймд хамтарч ажиллах боломжийг хайн тус сургуулийн зарим профессоруудтай уулзлаа. Хүрээлэн байгаа орчин, экологийн профессор Вики Мерецки, мэдээллийн технологийн профессор Геофри Фокс, математикийн профессор Жи Коо, Матиас Вегер, Дэвид Штрауб нартай уулзаж ШУТИС-тэй хамтарч төсөл хэрэгжүүлэх, докторант суралцуулах боломжийн талаар ярилцав. Индианагийн их сургууль нь АНУ-д монгол судлалаар мэргэжлийн зэрэг олгодог ганц сургууль юм. Тиймээс Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, монгол судлалын профессор Кристофер Этвууд, профессор Кара Жорж, Индиана дахь Монгол нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Сюзи Дрост, Төв Ази судлалын тэнхимийн багш Робин Шарпентийр нартай уулзсан ба энэ тэнхимээс ШУТИС, Индианагийн хамтын ажиллагааг зохицуулах юм. Мөн Төв Ази ба Уралын Үндэсний баялаг Төвийн захирал Каша Райдел-Жонсонтой хамтарсан төслийн санхүүжилтийн талаар ярилцав. Индианагийн их сургуулийн кампус нь Индианаполис хотоос зуугаад км газар байрлах Блумингтон хотод байдаг ба энд мөн Далай ламын ахын байгуулсан Түвд Монголын Төв үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тус төвийн ерөнхийлэгч Аржаа ринбүчитэй уулзах завшааныг Индиана дахь Монгол нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Сюзи Дрост бидэнд олгосон юм. Төгсгөлд нь Индианагийн их сургуульд монгол судлалын чиглэлээр суралцдаг 20 гаруй америк оюутнууд болон тус сургуульд сурч, ажилладаг монголчуудтай уулзалт хийн, тэдний сонирхсон асуултуудад хариулснаар тус сургууль дээрх хөтөлбөр өндөрлөсөн юм. Ийнхүү 2 өдрийн шахуу хөтөлбөртэй байсан ч Индианагийн Их Сургуультай танилцаж, тус сургуулийн маш олон хариуцлагатай профессор багш нартай уулзаж, хамтын ажиллагааны эхийг тавилаа.
- Амхерст дахь Массачусетсийн ИС нь 1863 онд байгуулагдсан, төрийн сургууль юм. Тус сургуулийн олон улсын судалгааны дэд захирал Рик Топьер, олон улсын хөтөлбөрийн захирал Франк Хугус нарын урилгаар тус сургуультай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлүүдээ тогтоов. Массачусетсийн ИС-ийн боловсролын судалгааны профессор Жосеф Бергер, хүнс биотехнологийн профессор Калидас Шетти, полимер, инженерийн химийн профессор Шау Лин Хсу, нийтийн эрүүл мэндийн профессор Дэвид Бученан, байгалийн шинжлэх ухаан, математикийн факультетийн декан, химийн профессор Жулиан Тайсон, Стефен Бьюрнс нартай тус тус уулзсан ба ялангуяа инженерийн хими, хүнс биотехнологийн чиглэлийн профессорууд хамтарч ажиллах маш их хүсэлтэйгээ илэрхийлж байсан юм. Хүнс биотехнологийн профессор Калидас Шетти нь хэдэн жилийн өмнө ШУТИС рүү хандсан ч хариу аваагүй тухайгаа ярьж байв. Тэрээр байгаль орчин, хүнсний аюулгүй байдалд хүнсний химийн нөлөөг судалдаг судалгааны том багийг толгойлж ажилладаг ба хүнс , эрүүл мэнд, дэлхийн улсуудын уламжлалт хооллолт, түүний өөрчлөлт хөгжлийн талаар ч судалгаа хийдэг сургуульдаа нэртэй профессор юм байна. Иймээс ШУТИС-ийн ХБТС -ийн ижил мэргэжлийн профессорууд түүнтэй холбоо тогтоон ажиллахыг уриалж байна. Мөн профессор Шау Лин Хсу нь полимер, нано технологийн судалгаагаараа АНУ-д нэгд ордог профессор бөгөөд түүний толгойлдог полимер инженерийн химийн тэнхим нь 24 сая долларын үнэ бүхий иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжтэй барилгыг өөрсдийн судалгаагаар санхүүжүүлсэн байх юм. Арваад давхар тус байшинд суурилуулсан электрон микроскопуудын нэг нь л 640 000 доллар өртөгтэй ба 4 цэвэр өрөө буюу "clean room" байгуулж нано судалгаагаа явуулж байна. Жил бүр 35 магистр, доктор оюутан элсүүлдэг ба тэд бүгд тэтгэлэгээр суралцдаг байна. Маш өндөр шалгууртай энэхүү сургалтанд хамрагдахаар жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 600 гаруй өргөдөл ирдэг тухай тэрээр ярьж байлаа. Манай залуу багш, төгсөгчид ч өргөдлөө явуулах бүрэн боломжтойг тэрээр хэлж байсан ба харин шалгаруулалт мэдээж хатуу нь хэнд ч ойлгомжтой юм. Иймээс полимер, инженерийн химийн өндөр боловсролтой залуу багш нарыг тус профессортой холбоо тогтоож сургалтанд хамрагдахыг мөн уриалж байна. Профессор Рик Топьер нь Монголд Тогтвортой Хөгжлийн Төв нээх төсөл хэрэгжүүлэх бодолтойгоо ярьж байсан ба энэ жил Монголд ирэх юм. Бид цаашид ч түүнтэй хамтран ажиллаж, ШУТИС-ийн Тогтвортой Хөгжлийн Төвийг холбож өгөх бодолтой байна. Бид ШУТИС-ийн 50 жилийн ойгоор Массачусетсийн их сургуулийн төлөөлөгчдийг урьсан ба тэднийг ирж, Амхерстэд хэлэлцсэн асуудлуудаа баталгаажуулах байх гэж итгэж байна.
- АНУ-ын нэртэй хоёр сургууль болох Харвардын их сургууль, Массачусетсийн Технологийн их сургууль буюу MIT -тэй зөвхөн зайгаас танилцах завшааныг профессор Топьер бидэнд олгохоор Бостон хот руу аялсан юм. Бостоны хажуу дахь жижиг хот Кембриджэд Харвардын их сургууль байдаг бол яг зэрэгцэн MIT орших юм. Тэнд 4-н монгол оюутан суралцдагийг сонссон ба мөн монгол эмэгтэй Мандухай антропологийн профессороор ажиллаж байгаа нь бахархал төрүүлж байлаа. Тэрээр МУИС монгол хэлний чиглэлээр төгсөөд, Харвардад суралцан төгсөж, тэндээ 1 жил багшилсаны дараа MIT-д профессороор очсон байна. MIT нь 3 жилд нэг удаа багшаа түүний бүтээлээр шалгаруулдаг байна. Шалгаруулалт явагддаг процессийг сонирхвол, 3 жилд бичсэн ном, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нь цуглуулаад нэргүйгээр мэргэжлийн эрдэмтэдэд /дэлхийн бүх орны/ тараан өгч уг ажлын талаар тэд нарын саналыг авдаг байна. Бүтээлээ зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн дээд зэрэглэлийн 1-3 сэтгүүлд хэвлүүлсэн байх ёстой ба мөн номоо ч гэсэн маш өндөр шалгуураар хэвлүүлдэг юм байна. Эдгээр шалгуурыг даваагүй тохиолдолд гэрээгээ сунгах боломжгүй байна. Мөн АНУ-ын профессор багш нар зөвхөн семестрийн үед цалин авахаас зуны саруудад цалинждаггүй жишигтэй юм билээ.
Ийнхүү цөөхөн хоногт АНУ-ын Чикаго, Индианаполис, Филадельфиа, Хартфорд, Амхерст, Блумингтон, Бостон хотуудын эрдмийн том уурхайнуудаар орж, ШУТИС-ийн багш нарын хөгжилд тусгах олон шинэ санааг тусгаж аван ирсэн ба ШУТИС-ийн эрдэмтэн багш нар ч дээр дурдсан сургуулиудын профессоруудтай холбогдон, судалгаа шинжилгээ, сургалтын хамтын ажилдаа амжилт гаргах байхаа.