2009-2010 оны хичээлийн жилийн нээлт
2009-09-02 00:12 Админ

ШУТИС-ийн  2009-2010 оны хичээлийн жилийн нээлт 9-р сарын 1-ний өглөө болов. Нээлтийн ёслолд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүд болон  ШУТИС-ийн  удирлагууд эрдэмтэн багш нар, оюутнууд оролцов. Хичээлийн шинэ жилийн баярын арга хэмжээг ШУТИС-ийн ректор, Монгол улсын гавьяат багш Б.Дамдинсүрэн нээж, оюутнууддаа баяр хүргэн хэлсэн үгэндээ энэ хичээлийн жил та бидний хувьд чухал түүхэн үйл явдал тохиосон жил юм. Ирэх 10-р сарын эхээр бид төрөлх сургуулийнхаа 50 жилийн ойг тэмдэглэнэ.Ойгоо угтаж манай хамт олон, оюутнууд маань ихээхэн идэвх чармайлт гаргасны нэгэн тод жишээ бол өнөөдөр бид бүхэн үүдэнд нь нээлтийнхээ баярыг хийж байгаа номын сангийн цогцолбор юм. Аливаа улс орны их дээд сургуулиудын жишгээс харж байхад хамгийн чухал зүйл нь номын сан байдаг юм билээ. Энэхүү номын сан ашиглалтанд орсноор бид гадаадын их дээд сургуулиудын жишигт хүрэх боломжтой болж байгаа юм гэлээ.Мөн тэрээр, өнгөрсөн хичээлийн жилд манай сургуулийг бакалавр, магистр, доктор, мэргэжлийн сургалтаар 3350 оюутан сурагчид төгссөн. Энэ хичээлийн жилд зөвхөн бакалаврт гэхэд 5781 оюутан шинээр элсэн суралцаж байна гээд залхуурал гэдгийг мартан чармайн суралцаж, сайн мэргэжилтэн болохыг нийт оюутнууддаа захьлаа. 2009-2010 оны хичээлийн жилийн “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ийн болзол хангасан  оюутнууд энэ өдөр тэтгэлгээ гардлаа.