ШУТИС-ийн профессор багш, ажилтан ажилчдын анхааралд
2010-01-14 05:30 Админ

ШУТИС-ийн профессор багш, ажилтан ажилчдыг шагнаж урамшуулах журмыг 1 дүгээр сарын 19-ний ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх тул уг төсөлтэй танилцаж холбогдох саналаа ЗХШҮГ-т 1 дүгээр сарын 16-ны дотор ирүүлнэ үү.


ТӨСӨЛ
Ректорын 2010 оны 1 дүгээр сарын ...-ны
өдрийн ... тоот тушаалын хавсралт


ШУТИС-ИЙН ПРОФЕССОР БАГШ, АЖИЛТАН АЖИЛЧДЫГ
ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг vндэслэл

1.1.    Энэхvv журмын  зорилго нь боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёлын талаархи төрийн бодлого, Засгийн газрын болон ШУТИС-ийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллаж, тодорхой амжилт гаргасан ШУТИС-ийн профессор багш, ажилтан, ажилчдыг Монгол Улсын цол хүртээх, одон, медаль, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг, холбогдох яамдын болон бусад дээд байгууллагын шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэх, уламжлах, ШУТИС-ийн шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэх, түүнийг хүлээн авч судлах, шийдвэрлэх, шагналыг гардуулах, Монгол Улсын цол, төрийн шагнал хүртсэн, одон, медалиар шагнагдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Монгол Улсын цол хүртээх, одон, медаль, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг, яамдын болон бусад дээд байгууллагын шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэх, уламжлах, Монгол Улсын цол, төрийн шагнал хүртсэн, одон, медалиар шагнагдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх

2.1. Нэр дэвшигч нь Монгол Улсын цол, одон, медалийн холбогдох эрэмбийн дагуу өмнөх шагнал хүртсэнээс хойш 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллан тодорхой амжилт гаргасан, ажлын амжилт бүтээл нь өмнө шагнал авсан түвшингээсээ ахисан байх; холбогдох яамдын болон бусад дээд байгууллагын шагналын дүрэм, журамд заасан болзлуудыг хангасан байвал зохино.
2.2. Засгийн газрын шагналаар шагнагдсан хүнийг Монгол Улсын одон, медалиар; Монгол Улсын одон, медалиар шагнагдсан байхын зэрэгцээ дараах болзол хангасан хүнийг Монгол Улсын цол хүртээхээр тус тус нэр дэвшүүлнэ. Үүнд:
2.2.1. Тус сургуульд он удаан жил тогтвор суурьшилтай, бүтээлчээр ажиллан сургуулийн олон талт үйл ажиллагаанд идэвхи зүтгэл гарган оролцож, хамт олноо хошуучлан манлайлдаг сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, удирдан зохион байгуулагч болохоо бүх талаар харуулсан байх;
2.2.2. Мэргэжлийн 3-аас доошгүй сурах бичиг, өөрийн судалгааны ажлаар 2-доошгүй нэг сэдэвт зохиол бичин хэвлүүлж, магистр, докторын сургалт, судалгааны ажилд сүүлийн 10-аас доошгүй жил оролцон, 3-аас доошгүй докторын ажлыг удирдан хамгаалуулсан байх;
2.2.3. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний хэвлэлд 10-аас доошгүй бүтээл нь хэвлэгдсэн, олон улсын хуралд 10-аас доошгүй удаа оролцон илтгэл хэлэлцүүлсэн, гадаад, дотоодод судалгаа, шинжилгээний ажил, бүтээл туурвил, нэр хүндийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, профессор байх;
2.2.4. ШУТИС ба их, дээд сургуулиуд, улсын хэмжээний сургалт, судалгаа, шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн, уралдаанд 10-аас доошгүй удаа бүтээлээрээ оролцон шагналт байрнаас багагүй түвшинд шалгарч, сургууль, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөн бүтээл туурвил нь нийтийн хүртээл болсон байх.    
2.3. Монгол Улсын цол хүртээх, одон, медаль, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг, яамдын шагналаар шагнуулах, 2.1-д заасан болзол хангасан хүмүүсийг анхан шатанд дараах хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлнэ. Үүнд:
2.3.1. Бүрэлдэхүүн болон харъяа сургуульд ажиллагсадыг тухайн сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар;
2.3.2. Их сургуулийн захиргаанд ажиллагсадыг тухайн газар, албаны хамт олны хурлаар.
2.4. Хурлын ирц 75%-иас доошгүй байх шаардлагатай бөгөөд хуралд оролцогчдын 80-аас дээш хувь нь шагналд нэр дэвшүүлэхээр зөвшөөрвөл дэмжсэн хурлын албан тэмдэглэл, тухайн хүний анкетыг, албан бичгээр гаргасан шагнуулах хүсэлтийн хамт Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ.
2.5. Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар материалыг хянан нэгтгэж, Захиргааны зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
2.6. Захиргааны зөвлөгөөнөөс дэмжигдсэн хүний ажил байдлын тодорхойлолтонд Ректор гарын үсэг зурж, тамга дарна.
2.7. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар нэр дэвшигчийн анкет, ажил байдлын тодорхойлолтыг хурлын албан тэмдэглэл, шийдвэрийн хамт тухайн тэмдэглэлт өдөр, ой болохоос 1 жилээс доошгүй хугацааны өмнө сум, дүүргийн Засаг даргад уламжилна.
2.8. Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг, холбогдох яамдын болон бусад дээд байгууллагын шагналаар шагнуулах нэр дэвшигчийн уг байгууллагын шагналын дүрэм, журамд заасан материалыг тухайн тэмдэглэлт өдөр, ой болохоос 1 сараас доошгүй хугацааны өмнө холбогдох яам, байгууллагад хүргүүлнэ.
2.9. Монгол Улсын цол, төрийн шагнал хүртсэн, одон, медалиар шагнагдсан хүмүүст нийт хамт олныг хамарсан хурал зөвлөгөөн, баярын арга хэмжээ болон Ректорын зөвлөлийн хурал, бүрэлдэхүүн сургуулийн хурал, цуглаан дээр баяр хүргэж, Монгол Улсын цол, төрийн шагнал хүртсэн хүнд дурсамж, мөнгөн аягатай цагаан идээний дээж, хадгийн хамт, Монгол Улсын одон, медалиар шагнагдсан хүнд мөнгөн аягатай цагаан идээний дээж, хадгийн хамт тус тус гардуулан хүндэтгэл үзүүлэх бөгөөд дурсамжтай холбогдох зардлыг төвлөрсөн арга хэмжээний зардлаас, мөнгөн аяга, цагаан идээний дээж, хадагтай холбогдох зардлыг шагнагдсан хүний харъяалах нэгж хариуцан гаргана.
 
Гурав. ШУТИС-ийн  шагналын хэлбэр, эдгээр шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэх, шийдвэрлэх, шагналыг гардуулах

3.1. ШУТИС-ийн шагнал дараах хэлбэрүүдтэй байна.Үүнд:
1.    ШУТИС-ийн Хүндэт доктор
2.    ШУТИС-ийн Хүндэт профессор
3.    Эрдмийн зөвлөлийн шагнал
4.    Ректорын нэрэмжит шагнал
5.    Бүрэлдэхүүн сургуулийн шагнал
3.2. ШУТИС-ийн тэргүүн дээд шагнал болох ШУТИС-ийн Хүндэт доктор цолыг Олон улс ба Монгол улсын төр, нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтдэд олгоно.
3.3. ШУТИС-ийн дээд шагнал болох ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг тус сургуулийг болон тухайн салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан дотоод, гадаадын эрдэмтэд, бизнесмен, тус сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй багш нарт олгоно.
3.4. ШУТИС-ийн Хүндэт доктор, ШУТИС-ийн Хүндэт профессор цол олгохтой холбогдсон харилцааг ‘’ШУТИС-ийн Хүндэт цол олгох журам”-аар зохицуулна.
3.5. Эрдмийн зөвлөлийн шагналаар тус сургуулийн профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг; Ректорын нэрэмжит шагналаар нийт профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажилтан, ажилчдыг; бүрэлдэхүүн сургуулийн шагналаар тухайн сургуулийн нийт ажиллагчдыг тус тус шагнаж урамшуулна.
3.6. Эрдмийн Зөвлөлийн болон Ректорын нэрэмжит шагналыг жил бүрийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын ажилтны өдөр, шинэ жилийн баяр болон их сургууль, бүрэлдэхүүн, харъяа сургууль, мэргэжилтэн бэлтгэдэг салбарын 40-өөс дээшхи их, тэгш ойгоор тус тус шагналд нэр дэвшүүлэх буюу шагнал олгоно.
3.7. Тус сургууль болон тухайн салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэлэхүйц хувь нэмэр оруулсан хамтын ажиллагаатай байгууллагын ажилтныг Ректорын нэрэмжит шагналаар шагнаж болно.
3.8. Эрдмийн Зөвлөлийн болон Ректорын нэрэмжит шагналаар шагнуулахаар 2.3.1, 2.3.2-д дурдсан хурлаас нэр дэвшүүлж, нэр дэвшигчийн товч анкетыг сургуулийн захирлын зєвлєлийн, газар, албаны хамт олны хурлын албан тэмдэглэл, шийдвэрийн хамт тухайн тэмдэглэлт өдөр, ой болохоос 2 долоо хоногоос доошгүй хугацааны өмнө Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ.
3.9. Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар материалыг хянан нэгтгэж, Захиргааны зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх бөгөөд Эрдмийн зөвлөлийн шагналаар жилд 10/арав/ хүртэл хүнийг шалгаруулж, Эрдмийн Зөвлөлийн өргөмжлөл, хүн тус бүрд 200000/хоёр зуун мянган/ төгрөгийн мөнгөн урамшуулал, Ректорын нэрэмжит шагналаар жилд 20 /хорь/ хүртэл хүнийг шалгаруулж, Ректорын нэр, гарын үсэг бүхий өргөмжлөл, хүн тус бvрд 100000/нэг зуун мянган/ төгрөгийн мөнгөн урамшуулал тус тус олгоно.
3.10. Бүрэлдэхvvн сургуулийн шагналаар шагнуулах хvмvvсийн асуудлыг Захирлын зєвлєлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд жилд 01 дүгээр тушаалаар баталгаажсан тухайн сургуулийн нийт ажиллагчдын 5 хүртэл хувьтай тэнцэх тооны хүмүүсийг шалгаруулж, хүн тус бvрд 50000/тавин мянган/ төгрөгийн  мөнгөн  урамшуулал олгоно.
3.11. Эрдмийн зөвлөлийн болон Ректорын нэрэмжит шагналтай холбогдох зардлыг ШУТИС-ийн төвлөрсөн арга хэмжээний зардлаас, бүрэлдэхүүн сургуулийн шагналтай холбогдох зардлыг тухайн сургуулиас гаргана.
3.12. Эрдмийн зөвлөлийн өргөмжлөлийг Шинжлэх ухаан, технологи, инновацын газар, Ректорын нэрэмжит шагналын өргөмжлөлийг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар тус тус эрхлэн хэвлүүлж байна.


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар