ШУТИС- Канадын Бритыш Колумбын их сургуультай хамтран сертификаттай сургалт зохион байгуулна
2010-03-16 11:31 Админ

Гуравдугаар сарын 11-нд Канадын Бритыш Колумбын их сургуулийн Уул уурхайн сургууль, Инфомайн Инк Компани, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль хамтран уул уурхайн чиглэлээр богино хугацааны сертификатын сургалт явуулах гурвалсан гэрээ байгуулав. Гэрээ байгуулахад Канадын Бритыш Колумбын Их сургуулийн Уул уурхайн тэнхимийн профессор доктор Берхард Клейн, Инфомайн Инк компаний Хөгжлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Саймон Хоулдинг болон ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Уул уурхайн инженерийн сургуулийн захирал Л.Пүрэв нар гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ сургалт нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний шат нь  интернэтийн орчинд, дараагийн шат нь Уул уурхайн инженерийн сургууль дээр Бритыш Колумбын Их сургууль болон УУИС-ийн профессор багш нар зааж хоёр сургуулийн нэр бүхий сертификат олгох ажээ.
    Нэгдүгээр шат нь интернэтийн орчинд хичээллэхдээ www.infomine.com Website-ийн Edu.mine.com сервер дээр ШУТИС-ийн “MUST Virtual Campus” үүсгэлээ. Энэ нь манай багш оюутнууд болон энэ сургалтанд хамрагдах хэн бүхэнд кампуст нэвтэрч онлайн хичээлүүдийг үзэх боломж нээгдэж байна гэсэн үг юм.
    Эхний удаагийн сургалт Уул уурхайн Рио Тинто компаний захиалгаар 2010 оны 8, 9-р сард явагдах бөгөөд ил уурхайн технологи, далд уурхайн технологи, ашигт малтмалын баяжуулалтын технологи, Хүрээлэн байгаа орчин тогтвортой хөгжил, Уул уурхайн эдийн засаг менежмент гэсэн таван чиглэлээр сургалт явагдана. Мөн 2010 оны 3 дугаар сарын 12-нд богино хугацааны сертификатын онлайн сургалтын талаар Бритыш Колумбын Их сургууль, Инфомайн Инк, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн төлөөлөгчид Рио Тинто компаний Оюу толгой төслийн хүний нөөцийн албаныхантай уулзалт ярилцлага зохион байгууллаа.


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн