ОЮУНЫ ЧАДАМЖ-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР
2010-03-27 14:25 Админ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ
“ОЮУНЫ ЧАДАМЖ-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР”
ҮНДЭСНИЙ ТЕХНОЛОГИЙН ФОРУМЫН  ТАНИЛЦУУЛГА
Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэхүү форумыг 2010 оны 03 сарын 29-31-ний өдрүүдэд  Монголын худалдаа - аж үйлдвэрийн танхимын байранд зохион байгуулах болно.

Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам эл форумын ерөнхий зохион байгуулагчаар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль,Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны Академи, Монголын анагаах ухааны Академи, Шинжлэх ухаан, технологийн сан, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
 
Форумын үеэр  шинжлэх ухааны ололт амжилтыг харуулсан үзэсгэлэнг нэгэнт үйлдвэрлэлд нэвтэрсэн ажил, үйлдвэрлэгч, хувийн хэвшлийнхэнд санал болгох бүтээгдэхүүн, технологи, одоо хийж  буй судалгаа, тэдгээрт шаардлагатай байгаа дэмжлэгийн талаархи мэдээлэл өгөх  гурван чиглэлээр зохион байгуулж, толилуулах болно. Энэ үзэсгэлэнд ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүд, Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорациуд, ШУТИС, БСШУЯ,  ХХААХҮЯ, ЭМЯ-ны харьяа эрдэм шинжилгээний байгууллагууд бүтээлээ дэлгэн үзүүлнэ.
Түүнчлэн бизнесийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох болно.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Эрүүл мэнд-биотехнологи, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Шинэ технологи, инноваци, Геологи эрдэс баялаг, Дэд бүтэц гэсэн таван салбар болон нэгдсэн хуралдаан, бизнес уулзалтуудыг зохион байгуулахаас гадна тэргүүний байгууллага, шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслол болно.

Форумын үеэр ШУА-ийн Технологийн инкубаторын төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Жижиг, дунд үйлдвэрийн газартай, ШУА-ийн Хими, хими тенологийн хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Түүнчлэн ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж байгаа дэвшилтэт тэргүүний технологиудыг шалгаруулж, уг технологийг үйлдвэрт нэвтрүүлэх зорилгоор  хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна.

Энэхүү форумаас шинжлэх ухаан, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг улс ардын аж ахуйд нэвтрүүлэн хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх талаар  зөвлөмж гаргах болно.

Энд дарж хөтөлбөрийг татаж авна уу