Ерөнхий сайд С.Батболд манай сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
2010-09-03 11:40 Админ

 

ШУТИС-ийн 2010-2011 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, БСШУ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, Нийслэлийн боловсролын газрын дарга Д.Энхбаяр, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон эрдэмтэн багш, шинээр элсэн орсон оюутан залуучууд оролцлоо. Энэ удаагийн хичээлийн жил нь Монгол Улсад инженер технологийн болон инженер эдийн засгийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн цагаас хойш 52 дахь, Инженер технологийн дээд боловсролын байгууллага байгуулагдсан цагаас хойш 42 дахь хичээлийн жилийн нээлт болж байгаа юм.

Ёслолын ажиллагааг нээж ректор Б.Дамдинсүрэн хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд болон эрдэмтэн багш, оюутан залуучууддаа шинэ хичээлийн жилийн мэнд дэвшүүлж үг хэлсэн. Тэрбээр, “Монгол Улсын хөгжлийн ирээдүйг тодорхойлон түүнийг гардан хэрэгжүүлэх инженерийн мэргэжил сонгон сургуульд маань элсэн орсон 5000 шинэ оюутандаа баяр хүргэе. Энэ хичээлийн жилийн нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож байгаа нь ШУТИС-ийн хамт олны хувьд баяртай үйл явдал болж байна. Боловсролын системийг хөгжүүлэх, түүний дотор дээд боловсролын системийг шинэчлэх мэргэжилтэн бэлтгэх чанарыг дээшлүүлэх, боловсролын үйл ажиллагааг явуулах таатай орчныг бий болгох, Монголын залуучуудыг сурч боловсрох, мэргэжил эзэмшихэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар маш чухал шийдвэрүүдийг Таны удирдаж байгаа хамтарсан Засгийн газар гарган хэрэгжүүлэх алхмуудыг амжилттай явуулж байгаад баярлаж байгаагаа илэрхийлье. Засгийн газраас оюутан бүрт сургалтын төлбөрт зориулан Хүний хөгжил сангаас 500 мянган төгрөг өгөх болсон явдал нь энд ирсэн оюутны төлөөлөл, цаана нь байгаа 170 мянга орчим оюутан тэдний эцэг эх үнэхээрийн баяртай байгаа гэдэгт итгэл төгс байна. ШУТИС өнөөдөр 30 мянган оюутан, 1200 эрдэмтэн багш, 1000-аад ажилтан ажиллагсадтай. 134 мэргэжлээр бакалавар, магистрын 76 чиглэлээр докторын сургалт явуулан Монгол Улсын хамгийн том сургууль болтлоо өсөн хөгжсөн. Манай сургуулийн нэр хүнд гадаад ертөнцөд өсөн нэмэгдсээр байна. ШУТИС-д хийсэн өөрчлөлт шинэчлэлийн туршлагыг бусад их сургуулиудаар судлуулах зорилгоор тус сургуулийн өөрчлөлт шинэчлэлийн тухай өгүүлсэн номыг 2010 онд хэвлэн гаргасныг дуулгахад таатай байна. Өнөөдөр ШУТИС-ийн хамт олон сургуулиа хөгжүүлэх сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд сургалтанд шинэ технологийг нэвтрүүлэх буюу Е-сургууль болох, багшийг хөгжүүлэх, оюутны хөгжил төлөвшлийг хангах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Бэлтгэн гаргаж байгаа инженер технологийн мэргэжилтнийг дэлхийн жишигт хүргэхийн тулд гадаадын 10 гаруй сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулан бэлтгэлийг ханган ажиллаж байна. Тухайлбал, 2010 онд ХБНГУ-ын Фрайбергийн уул уурхайн академи, АНУ-ын Аризонагийн их сургууль, ӨАБНУ-ын Манкоса сургуультай хос дипломын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгууллаа. Энэ гэрээний зарим нь хэрэгжиж эхлээд байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, БСШУЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна” гэж онцлон тэмдэглээд шинээр элсэн оюутнууддаа хандан үг хэлсэн юм.

        

Үүний дараа Монгол Улсын Төрийн Дуулал эгшиглэж ШУТИС-ийн хамт олон шинэ хичээлийн нээлтээ ёслол төгөлдөр хийв.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Боловсролын бодлого маш тодорхой. Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо эзэмших боломжийг Монгол Улсын Засгийн газар буй болгох ёстой гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа.  Энэ хүрээнд тулгамдсан болон ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа ч бас товлож хэлсэн байгаа. Жилийн өмнө товлож тодорхойлсон ажил үйлс өнөөдөр хэрхэн хэрэгжиж байна гэдэг нь хамгаас чухал. Хичээлийн шинэ жилийн нээлтийн баярын энэ өдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд бидэнд хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчит 16 их, дээд сургууль шинэчилсэн бүтцээр ажиллах бөгөөд их сургуулийн хотхон байгуулах ажлыг нийслэлийн Налайх дүүргийн Шивэртийн хөндийд эхлүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохих бэлтгэлийг хангаад байгаа. Мөн Хотхон байгуулах ажлын эхний ээлжинд ШУТИС хамрагдаж байгаагийн дээр БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 270 сая гаруй юанийг ШУТИС-ийн хотхоны хөрөнгө оруулалтад зориулна. “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд боловсролын тодорхой үйлчилгээг хамруулаад байгаа. Их, дээд сургууль, коллежиуд сургалтын төлбөрийг энэ намар бүтэн жилээр бус, 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагчаас авахаар зохицуулсан. Цаашид сургалтын сангаас үзүүлдэг зээл, буцалтгүй тусламжийн журам шинэчлэгдэх бөгөөд агуулга нь суралцагчдын сурлагын чанарыг дэмжихэд чиглэгдэнэ” гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод төр, засгаас баримталж байгаа бодлогыг их, дээд сургууль коллежийн удирдлага, хамт олон, оюутан суралцагчид хичээл зүтгэлээрээ тууштай дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Мөн “Даяаршлын зуун дахь дэлхий ертөнц хөгжил, хүний сайн сайхны төлөөх өрсөлдөөнд хэн илүү чадвартай, хүчтэй нь амжилт олно. Монголчууд өрсөлдөөнөөс хоцрохгүйн тулд чанартай, өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас ч чухал” болохыг гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд эрдмийн баярын энэ өдөр оюутнуудад захиж хэллээ. Шинэ õичээлийн нээлтийн ажиллагааны vеэр амжилттай суралцаж байгаа 6 оюутанд ректорын нэрэмжит тэтгэлэг гардуулж, єндєр оноо авч  ШУТИС-д элсэн орсон 14 шинэ оюутанг урамшуулсан. Мєн нээлтийн ажиллагаанд зориулан бэлтгэсэн бяцхан хэмжээний урлагийн тоглолтыг хvрэлцэн ирсэн зочдод сонирхууллаа.


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн