Нүүрсний лаборатори ашиглалтанд орлоо
2010-09-09 08:58 Админ

Япон-Монголын хамтарсан нүүрс боловсруулах, судалгаа шинжилгээний лаборатори энэ сарын 7-ны өдөр ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнд ашиглалтанд орлоо. Энэхүү лаборатори ашиглалтанд орж хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр түүхий нүүрс түлэлтийг багасгаж илүү шинэ түвшинд хүрсэн коксжсон нүүрс гарган авах юм. Хүйтэн сэрүүний  улиралд түүхий нүүрсийг ихээр түлж дулааны хэрэгцээгээ хангадаг гэр хорооллын айлуудын агаарт хаяж буй утаа сүүлийн жилүүдэд гамшигийн хэмжээнд хүрсэн. Энэ байдлыг бууруулах зорилгоор МУЗГ-аас олон арга хэмжээ авч байгаа ч одоогоор тодорхой үр дүнд хүрээгүй байна. Тус лабораторид манай орны ямар нүүрсийг хэрхэн боловсруулж ашиглаж болох тал дээр судалгаа шинжилгээний ажил, туршилт хийгдэж үүнээс гарсан үр дүнгээр нь нүүрс боловсруулах үйлдвэрүүд байгуулах боломжтой юм. Тус лабораторийн нээлтийн ажиллагаанд ЭБЭХЯ-ны төлөөлөл болон Японы холбогдох албаны хүмүүс оролцсон. Лаборатори Японы “Нэдо” байгууллагын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа ажээ.

 

Япон улс нь цэвэр нүүрсний технологи, нүүрсний хий ялгарах салбарт хамгийн өндөр хөгжсөн технологитой. Шинээр байгуулагдсан лабораторийн талаарх зарим зүйлийг ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвтогтох захирлаас тодрууллаа.
-Япон-Монголын хамтарсан төсөл ямар хугацаанд хэрэгжих вэ?
-Япон монголын хамтарсан нүүрс боловсруулах төсөл 2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Судалгаа шинжилгээний үр дүн гарсны дараа төслийн дараагийн үе шатанд шилжих байх. Энэ төслийн ажил 2010 оны нэгдүгээр сард эхэлж хүрэн нүүрс коксжуулах туршилтын үйлдвэрийг манайд авчирч суурьлуулсан юм. Японы мэргэжилтнүүд 5-6 сард ирж температур, дэгдэмхий, илчлэг, коксын хий гэх мэт туршилтуудыг хийсэн.
-Туршилтын үр дүн ямар гарсан бол. Хэрэглээнд хэзээнээс нэвтрүүлэх боломжтой вэ?
-Одоо бид туршилтын үр дүнг үндэслэн Багануурын хүрэн нүүрснээс 2 тонн гаруй коксжуулсан брикет хийж байна. Энэ брикетийг арваннэгдүгээр сард гэр хорооллын 10 орчим өрхөд хэрэглүүлж үр дүнгийн хяналтын судалгаа хийнэ. Энэ ажил 2011 оны 2 сар хүртэл хийгдэх юм. Хоёрдугаар сард судалгааны үр дүнг хэрхэн ашиглаж, түгээмэл хэрэглээ болгох боломжийн талаар дүгнэлт гарна.

 

 


ЗХШҮГ