“Оюутан ба хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн шинэ хандлага” зөвлөлдөх уулзалт болов.
2010-10-12 12:02 Админ

Энэ сарын 14-нд “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн чиг ханглага, бүтээн байгуулалт шинэ ажлын байр, оюутны хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөлдөх уулзалтуудыг цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд 10 сарын 7-нд “Бишрэлт” зочид буудалд “Оюутан ба хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн шинэ хандлага” зөвлөлдөх уулзалт болж өнгөрлөө. Уулзалт нь хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн шинэ хандлага, хэрэгцээнд нийцүүлэн их, дээд сургуулийн оюутнуудыг хөдөлмөрт бэлтгэх, чөлөөт цагаар нь орлогын эх үүсвэртэй болгох чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, цаашдын чиглэлийг тодорхойлоход гол зорилго оршиж байлаа. Уг уулзалтанд НХХЯамны дэд сайд Нямхүү, НХХЯамны төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, БСШУЯамны төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, НХХЯамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга Т.Энхтуяа, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Б.Ганбаатар болон ОХЭДТөвүүд, хөдөлмөр эрхлэлтийн холбогдох албаны хүмүүс, оюутны төлөөлөл оролцсон өргөн хэмжээний уулзалт болов. Уулзалтанд ШУТИС-ОХЭДТөвийн эрхлэгч Л.Баяр-Эрдэнэ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудыг төлөөлөн “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьлаа. Уулзалтаар оюутан залуусыг хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн шинэ хандлагад нийцүүлэн хэрхэн бэлтгэх, ажил олгогчид ямар үүрэг оролцоотой байх, оюутны цагийн ажлын хэрэгцээ ямар байгаа, төгсөгчдийг богино хугацаанд ажлын байраар хэрхэн хангах, тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцлээ. Мөн оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх үүднээс мэдээлэл, зөвлөгөө өгөх, ажлын дадлага туршлага олгох зорилгоор чөлөөт цагаар нь цагийн ба түр ажлын байраар хангах, аж ахуй бизнес эрхлэх ур чадварыг нь дээшлүүлэх, оюутны бүтээлийг интернет орчинд зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлж байгаа чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар оролцогчдод мэдээлэл хүргэгдсэн.

ШУТИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь уг уулзалтанд чухал үүрэг оролцоотой оролцсоны илрэл нь дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй дэмжих төвүүдийг төлөөлж илтгэл тавьсан болон уг зөвлөлдөх уулзалт дээр яригдсан гол гол шинэ санал санаачлагуудыг гарган тавьж байснаас харагдаж байгаа юм. Зөвлөлдөх уулзалтанд оролцогсод оюутнуудыг цалинтай дадлага хийлгэх, оюутан оюутнаа дэмжих нөхцөл бололцоог хангаж өгөх, цагийн хөдөлмөрт шуурхай зуучлал үзүүлэх, ажил олгогчид оюутнуудыг ажлын туршлагагүй гэсэн хандлагыг өөрчлөх, оюутны хөдөлмөрийн дэвтэрт цагийн болоод дадлагаар ажилласан тэмдэглэгээг хийж, улмаар ажилласан туршлагад оруулдаг болох, сонирхолын бүлгээр нь нэгтгэн тухайн хийлгэх гэж буй ажил үйлчилгээний талаарх мэдлэг мэдээллийг өгөх зэрэг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон асуудлаар санал хүсэлтүүд илэрхийлэгдэв. Мөн энэ сарын 08-нд “Хөдөлмөр- хөгжлийн үндэс” нэртэй хөдөлмөрийн нэгдсэн яармаг Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС-ОХЭДТөв нь уг яармагт оролцон оюутан залууст хөдөлмөр эрхлэлтийн мэдээ мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ.  

     

ШУТИС-Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв.

www.jobs-student.edu.mn