Булган аймгийн дашинчилэн сумын сургуульд “сургуулийн үдийн хоол” төслийн нээлтийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
2010-10-13 12:29 Админ

Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам болон БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага хоорондын 2006-2011 он хүртэл хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд “WITH” төрийн бус байгууллагын 100%-ийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн 58 дугаар дунд сургууль болон Архангай аймгийн “Хүмүүн” цогцолбор 2 дугаар сургуульд “Сургуулийн үдийн хоол” төсөл амжилттай хэрэгжиж байна.

БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас санал болгосон сургуулиудаас Булган аймгийн Дашинчилэн сумын дунд сургуулийг сумын загвар сургуулиар сонгон 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төслийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. 

Нээлтийн арга хэмжээнд БСШУЯ-ны Барилга захилагчийн албаны дарга Б.Цэрэн, БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллагын төлөөлөгчид, KOICA ОУБ-ын тэргүүн Ли Донг Кү, ШУТИС.ХИБС-ийн захирал Ж.Туяацэцэг тэргүүтэй төлөөлөгчид, Булган аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Л.Эгиймаа тэргүүтэй төлөөлөгчид болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Монгол улсын ШУТИС.Хүнсний инженер, биотехнологийн сургууль /ШУТИС.ХИБС/ болон БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага нь 1994 оноос эхлэн хамтран ажиллаж, 2000 онд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвийг үүсгэн байгуулсан. Хүнсний инженер, биотехнологийн сургууль болон харъяа Шим тэжээл судлалын төв нь “Сургуулийн үдийн хоол” төслийг манай оронд амжилттай хэрэгжүүлэхэд үндсэн хэрэгжүүлэгч байгууллага нь болж  хамтран ажилласаар ирсэн билээ.