ШУТИС “Сүмитомо” корпорацтай хамтран ажиллана
2010-10-15 10:57 Админ

ШУТИС Японы “Сүмитомо” корпорацитай хамтран ажиллах гэрээнд энэ сарын 11-ний өдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд “Сүмитомо” корпорацийн удирдлагууд гарын үсэг зурж Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Ясүнори Аокигоор дамжуулан хүргүүлжээ. ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн тус корпорацитай хамран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, гэрээг үзэглэж баталгаажууллаа. Гэрээний дагуу “Сүмитомо” корпораци нь жил бүр механик инженерийн чиглэлээр сурч буй 15 оюутанд тэтгэлэг олгож байх аж. Мөн МИС-д бүрэн хэмжээний нэг хичээлийн кабинет тохижуулан өгч байгаа юм.
“Сүмитомо” корпорацийн Монгол дахь үйл ажиллагаа 1991 онд Монгол банкны алт цэвэршүүлэх төслөөр эхэлжээ. Тэд 1996 онд Ньюком болон Японы KDDI-тай хамтран үүрэн холбооны “Mobicom” компанийг үүсгэн байгуулж, мянга гаруй ажлын байрыг бий болгосон юм. Мөн 2004 онд нефтийн бүтээгдэхүүнийг орлох эрчим хүч болох ШНХ (LPG)-ийн импорт, борлуулалтын компанийг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад багагүй хувь нэмэр оруулжээ. 2009 оноос тус корпораци уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт борлуулалт, үйлчилгээний компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.


ЗХШҮГ