“Гайхамшиг” номын нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
2010-11-11 09:56 Админ

Нээлт:

2010 оны 11-р сарын 15-ны өдөр 15:00 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн E-602 тоот

Нээлт:

2010 оны 11-р сарын 19-ны өдөр 16:00 цагт “Интер ном” дэлгүүр I I давхарт

Орчуулсан:

Баасанжавын Соёлсүрэн доктор /Ph.D/ дэд профессор

Пунцагийн Болормаа магистр /Sc.M/

Редактор:

Санждоржийн Төгс доктор /Ph.D/ профессор

Хамтран зохион байгуулагчид:

Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны Сургууль

Гадаад хэлний тэнхим

ШУТИС-ийн Төв номын сан

 

Гайхамшиг” номын товч агуулгаас

Гайхамшиг” ном нь дэлхийн тал хүн амын хувь заяаг сайжруулахын тулд нэгэн тивийг бүхэлд нь хамарсан, сэтгэл хөдлөм хүчин чармайлт, агуу  их зориг тэмүүлэл, шинэ эхлэл санаачлагын тухай юм.

Гайхамшиг - Азичууд ялалтыг дагуулж чадсан түүхийг өгүүлнэ. Энэтхэгээс авахуулаад Япон хүртэлх орнууд колоничлолын ноёрхлын зуунаас дайн, хувьсгалын ниргэлт, хоосролыг даван туулж, эдийн засгийн бэрхшээлээс ангижран,  амжилтаараа орчин үеийн улс үндэстний хэмжээнд цойлон гарч ирсэн түүхийг Гайхамшиг танд нээх болно. Гучин тавхан жилийн дотор Солонгосчууд нь Либери, Зимбабве, Иракаас илүү ядуу зүдүү байсан улс үндэстнээ баян орны бүлэглэлд оруулж, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллагын гишүүн болгосон билээ. Солонгосын эдийн засгийн хурдан өсөлт нь алсын хараатай бодлогын тусгал байсан юм.

1981 онд Зүүн Ази нь дэлхийн аль ч бүсээс ядуурлын хамгийн өндөр түвшинтэй тив байсан бөгөөд Зүүн Азийн хүмүүсийн 80 % орчим нь өдөрт 1.25 $-аас бага орлогоор амьжиргаагаа залгуулдаг байсан байна. 1950-иад онуудад Азийн эдийн засаг өөрийн хүн амаа арай ядан тэжээж байсан бол өнөөдөр Азичууд дэлхий дээр хэний ч хийгээгүй санамжит чип, LCD дэлгэц болон зөөврийн компьютерийг олон хувилбартайгаар хийж байгаа билээ. Хурдацтай ахих баян чинээлэг шинэ байдал нь Азийн цуурай болоод байгаа юм. Гайхамшиг нь уг тивийг дэлхийн тавцанд, магадгүй Монгол Хаан Москвагаас Багдад, Гуанжуо хүртэл хаанчлан ноёрхож байсан 14-р зууны үе дэхь хэдэн зуун жилийн өмнө байснаас илүү  нөлөөтэй болгож байна.

Өмнөд ба Зүүн Өмнөд Азийн, өнөөдрийн бидний мэдэж байгаа улс үндэстнүүд орчин үеийн улс болон оршин тогтнож гарч ирсэн түүхийг Гайхамшиг танд өгүүлэх болно. 1945 онд Индонези улс нь Нидерландын хараат байдлаас гарч тусгаар тогтнолоо зарласны дараагаар тус улсын анхны ерөнхийлөгч, эрч хүчтэй үндэсний үзэлтэн Сукарно нь олон хэлээр ярьдаг үндэстэн ястны бүлгийн  гэр орон болсон 17,500 арлыг нэгтгэн зангидаж,  Нидерландын колоничлолын ноёрхлыг нураан тэдний цэргийн хүчийг ялсан байна. Энэтхэг улс Махатма Гандигийн хүчирхийлэлгүй, эмх замбараатай домогт хөдөлгөөний дараагаар, 1947 онд Их Британийн колоничлолоос өөрийн тусгаар тогтнолоо олж авсан байна. Энэтхэг нь Индонезийн адил, анх удаа орчин үеийн үндэстэн улс болон гарч ирсэн. Малайз нь 1957 он хүртэл Британийн хатуу хяналтын дор байж, тусгаар тогтнолоо тэмцэн олж авсан. Сингапур нь 1965 онд Малайз улсаас салан хуваагдсаны дараа бие даасан улс болсон.

Ази нь энэхүү бүсэд гайхамшигт өсөлтийг авчрах цорын ганц өвөрмөц, дээд зэргийн эдийн засгийн бодлого, ёс журмыг бий болгож чадсан юм. Энэ нь эдийн засгийн хөгжилд төрийн гүйцэтгэсэн ердийн бус үүрэг байлаа. Төрийн албатууд нь тусгай үйлдвэрийг дэмжихийн тулд “ялагчийг шилж сонгосон” ба дараа нь өсөлт дэвшлийг хурдасган дэмжихийн тулд бодлогоо нийлүүлэн нэгтгэн боловсруулсан. Азийн орны Засгийн газрууд нь санхүү, хөрөнгө оруулалтыг удирдан чиглүүлж, тусгай банкыг байгуулан, сонгосон үйлдвэрлэлийг өөрчлөн хөгжүүлэх алагчилсан, нэг талыг барьсан худалдааны дэглэмийг бий болгосон нь зарим тохиолдолд, хувийн компанийг дэлхийд топ өрсөлдөгч болгон өөрчилсөн. Засгийн газрын бодлого нь хувийн хэвшлээ дэмжсэн ба Дэлхийн банк үүнийг “үндэс сууриа зөв барьж авлаа” гэж нэрлэсэн байдаг. Бодлого тодорхойлогчид, жишээ нь, хүний капиталыг бий болгох үүднээс боловсролд, мөн бизнесийн зардлыг багасгахын тулд дэд бүтцэд ихээр хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тэд инфляц, төсвийн алдагдлыг доогуур байлгаснаар эрүүл, тогтвортой макро эдийн засгийн орчинг дэмжин баримталж чадсан.

Эдийн засгийн түүх нь угтаа хүний оролдлого чармайлтын түүх байдаг гэдгийг Гайхамшиг танд мэдрүүлэх болно.Азийн амжилтын нууцыг хүний амьдралаас олж илрүүлж болно. Мэргэжлийн эдийн засагчдын стандарт арга хэрэгсэл болох статистик, график, бүдүүвч зургийн цаана агуу болон жирийн хүмүүсийн ажил үйлс, шийдвэр тавигдаж байдаг. Эдийн засаг нь бодлогоор бий болдоггүй харин түүнийг хүмүүс зохиож бий болгодог; түүнийг хөрөнгө капиталын урсгалаар бус харин түүнд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс бий болгодог; эдийн засаг нь үйлдвэрлэл ба экспортын талаархи мэдээ баримтаас бус харин статистикчдын тоолох барааг хийж, угсарч байгаа тухайн дамжлага дээр 12 цагийг зарцуулан, өдөр бүр автобусаар ажилдаа явах тэр л хүмүүс бүтээн бий болгодог байна. Эдийн засгийн хөгжлийн талаархи онолууд нь хүний хүчин зүйлийг орхигдуулах хандлагатай байдаг.

1950 оноос хойш, Ази нь эдийн засгийн ололт амжилт нь өөрсдийнхөн амжилтаас шууд хамаардаг гэдгийг ухаарсан шийдэмгий, үнэнч, үр бүтээлч удирдагчдыг таалан хүлээн авч адисласан. Энэ бүлэг нь янз бүрийн хүмүүсээс бүрдэж байсан: төрийн албат-технократ-боловсролтой мэргэжилтнүүд, улс төрч- генерал, ардчилагч- дарангуйлагч, инженер-эдийн засагч, хувийн аж ахуйтан, бүр хүний эмч байсан. Гэвч тэд бүгд нийтлэг нэгэн зорилготой байж, өөрсдийн хүмүүсийг ядуурлаас ангижруулах, дайнд сүйрсэн газар нутагтаа эдийн засгийг цогцлон байгуулах, задарсан колоничлолоос шинэ улс үндэстнийг байгуулах, дэлхий дээр Азийг өөрийн зүй ёсны байр сууринд өргөн тавих зорилготой байсан.

Гайхамшгийг бүтээх түүхийн, улс төрийн, эдийн засгийн хүчин зүйл нь ажил хөдөлмөр байсан гэдгийг уг ном танд нээж өгөх болно.

Азийн бизнесийн удирдагчдын үүрэг нь ихэвчлэн хөгжлийн онолыг үл тоон алгасан явдал байлаа. Шинэ бүтээгдхүүнийг зохион бүтээх, саад бэрхшээлийг даван туулах, олон улсын зах зээлд өрсөлдөх тэдний бүтээлч сэтгэхүй, ер бусын тайлбарлашгүй чадвар нь Азийн амжилтын маш чухал хүчин зүйл байсан. Электрон хэрэгслийн суут ухаантан Акио Морита, автомашины шинийг санаачлагч Японы Сойчиро Хонда, Хонг Конгийн хуванцар үйлдвэрлэгч Ли Ка Шинг, Өмнөд Солонгосын үйлдвэр эрхлэгч Чан Жу Юн, Тайваны компюьтерийн үйлдвэрийн эзэн Стан Ших, Хятадын Лю Чуанзи, Энэтхэгийн технологийн гүүрийг босгосон Азим Премжи, Нараяна Мурти нар нь олон улсад нэр хүндтэй компанийг байгуулснаар, даван туулшгүй байдлыг сөрөн давж, дэлхий нийтийн зах зээлийн талбарыг мөнхөд өөрчилсөн. Цаад утгаараа, Гайхамшиг нь хувийн үйлдвэрийн салбарын ялалт байсан гэдгийг уншигч тантай хуваалцах юм.

Гайхамшигийн ертөнцөөр тавтай аялаж, ухаан чилээн номтой минь нөхөрлөж, өөрсдийн мэдрэмжийн хэрээр шимтэн сэтгэлээ баясгаж, орчуулгын тухай үнэтэй зөвлөгөөгөө soyoloo976@yahoo.com  хаягаар илгээнэ үү.

Орчуулсан Баасанжавын Соёлсүрэн доктор (Ph.D) дэд профессор, ШУТИС, ҮТДС-ийн Гадаад Хэлний Тэнхимийн эрхлэгч

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Монгол улс минь хөгжих болтугай.