“Монголын нууц товчоо”-ны 770 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болов.
2010-11-13 19:17 Админ

Энэ жил монголын түүх, соёлын хосгүй нандин сурвалж болох “Монголын нууц товчоо” зохиол зохиогдсоны 770 жилийн ой тохиож буйтай холбогдуулж ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль ШУА-ийн Түүх, Археологи, Хэл зохиолын хүрээлэнгүүд, МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны сургууль, Гадаад хэл соёлын сургууль, Монгол хэл соёлын сургууль, Үндэсний түүхийн музей зэрэг байгууллагуудтай хамтран Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Хуралд оролцогсод МНТ-ны талаар уран бичлэг, хэвлэмэл номын үзэсгэлэнг үзэж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэний Хөдөө арал дахь МНТ-ны 750 жилийн ойд зориулж босгосон хөшөөнд хүндэтгэл үзүүлж Чингис хааны Аураг ордны туурьтай танилцав.     

Хуралд Япон, Солонгос, ОХУ, БНХАУ болон манай эрдэмтэд “Түүх, соёл”, “Хэл, утга зохиол”-ын чиглэлээр өөрсдийн судалгаа шинжилгээний үр дүнг хэлэлцүүлэв. Уг ойн арга хэмжээнд ШУТИС-ийн эрдэмтэн багш нар өргөн оролцсоноос доктор (Ph.D) Ю.Болдбаатарын “МНТ-ны нэгдүгээр зүйл монголчуудын ертөнцийг үзэх үзлийн нэгэн чухал түлхүүр болох нь” сэдэвт илтгэл олны анхаарлыг ихэд татав.