Талархал
2011-02-25 14:13 Админ

ШУТИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн хороо нь тус сургуулийн нийт багш, ажилтан, албан хаагчдынхаа  өмнөөс ШУТИС-ийн Захиргаанд  2010-2011 онд хийсэн олон сайхан ажилд нь талархал илэрхийлж байна. ШУТИС багш, ажилтан, ажиллагсадынхаа   нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар “Голомт банк”-тай гэрээ байгуулсан.  Гэрээнд ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн, Проректор Г.Дамдинням болон Голомт банкны удирдлагууд 2-р сарын 1-нд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэ гэрээ ёсоор жил бүр 110 багш, ажилтан, ажиллагсад  “Голомт банк”-наас жилийн 8 хувийн хүүтэй, 15 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр 20 жил хүртэлх урт хугацааны орон сууцны зээл авах боломжтой боллоо. ШУТИС-ийн Захиргаанаас багш, ажиллагсадын  нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийт профессор багш, ажиллагсадын  дунд судалгаа явуулахад орон сууцны хэрэгцээтэй 1100 гаруй багш, ажиллагсад байдаг бөгөөд огт орон сууцгүй 500 гаруй багш, ажиллагсадаа байртай болгох асуудлыг ойрын 3 жилд шийднэ гэсэн зорилт тавьсан нь багш, ажиллагсад бидний цаашид ажиллах урам зориг өгсөн сайхан үйл хэрэг боллоо. ҮЭ-ийн хороо нь багш, ажиллагсадынхаа дуу хоолой болон ажилладаг байгууллага.  Энэхүү ажлыг ШУТИС-ийн Захиргаанаас дэмжин, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах зорилгоор албан тасалгаа гаргаж өгсөнд гүнээ талархаж байна. Мөн Баянголын аманд газар эзэмшдэг ШУТИС-ийн 328 багш, ажилтан, ажиллагсад газрын гэрчилгээгээ 2011 оны 2-р сарын 1-ний өдөр гардан авлаа.  Нийслэлийн Засаг даргын 2009 оны 348 дугаар захирамжаар ШУТИС-ийн 328 багш, ажилтан, ажиллагсад 30 га газрыг амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг нь баталгаажууллаа. 2010-2011 оны хичээлийн жилийн Хамтын гэрээгээр та бидний хууль ёсны эрх ашиг, сонирхол  давуу талуудыг эзэлсэн бөгөөд  бид профессор, багш нарын гүйцэтгэсэн илүү цагийг хувилахгүйгээр тооцох, илүү гүйцэтгэсэн 1 кредитын үнэлгээг үндсэн цалингийн 70%-тай тэнцэх хөлсөөр олгох тал дээр ШУТИС-ийн Захиргаатай зөвшилцөөнд хүрч, 2011-2012 оны хичээлийн жилээс мөрдүүлэх болсон нь ШУТИС-ийн Захиргаа болон ҮЭ-ийн Нэгдсэн хорооны хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Цаашид бидний хамтын үйл ажиллагаа улам сайжирч, ирээдүйн мэргэжилтэн, эрдэмтдийг бэлтгэх ариун үйлс түгэн дэлгэрэх болтугай.

                                                   ҮЭ-ийн Нэгдсэн Хороо

                                                             2011.02.23