ҮЭ-ийн Нэгдсэн хорооны тайлангийн хурал боллоо
2011-03-03 10:29 Админ

ШУТИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн хороо 2011 оны 2-р сарын 14-нөөс 3-р сарын 02-г дуустал 2010 оны 3-р сараас 2011 оны 3-р сар хүртэл хийсэн 1 жилийн ажлаа салбар хороодоор явж тайлагналаа. Тус сургуулийн салбар хороодын дарга болон тэргүүлэгчид өөрсдийн хороон дээр хийсэн ажлаа гишүүддээ танилцуулсан болно. Энэ нэг жилд ШУТИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн хороо дараах ажлыг хийж гүйцэтгэж, гишүүдийн эрх ашгийг хамгаалсан болно. Үүнд:

  1. 2009-2010 оны хичээлийн жилд нийт 222 профессор багш нарын хийж гүйцэтгэсэн нормоос илүү гарсан 628 кредит цагийн хөлсийг 2010 оны 7-р сард олгуулсан /90 гаруй сая төгрөг/. Үүнээс 110 нь ҮЭ-ийн гишүүн.
  2. 2010 оны 10-р сарын 1-нээс ШУТИС-ийн нийт профессор, багш, ажилтан, ажилчдын цалинг МУ-ын Засгийн газрын 239 тоот тогтоолын дагуу 30%-иар 2010 оны 11-р сард нэмүүлсэн.
  3. 2010-2011 оны хичээлийн жилийн Хамтын гэрээг байгуулах явцад Хамтын гэрээний маргаан үүссэн тул уг маргааныг шийдвэрлүүлэхийн тулд СБД-ийн Засаг даргын Захирамж гаргуулж, маргаан зохицуулах зууч томилуулж ажилласны үр дүнд 2011 оны 1-р сард Хамтын гэрээг баталж, 2011 оны 2-р сарын 10-нд СБД-ийн Засаг даргын Тамгын газар бүртгүүлсэн.
  4. 2010 оны 4-р сард МБШУ-ны ҮЭХолбоотой хамтран ҮЭ-ийн гишүүдэд зориулж “Хууль таны амьдралд” сэдэвт семинар зохион байгуулж, мэргэжлийн хуульчийн зөвлөлгөөг үнэ төлбөргүй өгүүлсэн болно.
  5. 2010 оны 4-5-р сард МБШУ-ны ҮЭХолбоотой хамтран англи хэлний анхан шатны сургалт /60 цаг/ зохион байгуулж, 25 гишүүнийг үнэ төлбөргүй хамруулж, сертификат гардуулан өгсөн.
  6. 2010 оны 7-8-р сард англи хэл заах арга зүйн сургалтанд бүрэлдэхүүн сургуулиудын англи хэлний 5 багшийг үнэ төлбөргүй хамруулсан /МБШУ-ны ҮЭХолбоотой хамтран/
  7. 2009-2010 онд манай хороод өөрсдийн гишүүддээ нийт 13 сая төгрөгийг шагнал урамшуулал, тусламж, баярын арга хэмжээг зохион байгуулахад зэрэгт зарцуулсан байна.
  8. 2010 оны 6-р сард МБШУ-ны ҮЭ-ийн Холбооноос  зарласан болзолт уралдаанд ШУТИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн хороо “Дэд байр” эзэлсэн болно.
  9. 2010 оноос эхлэн ШУТИС дээр Хөдөлмөрийн маргаан таслах комисс ажиллуулж, ҮЭ-ийн гишүүн ахмад багш Я.Цогтын өргөдөлийг хүлээн авч, комиссын шийдвэр гарган өгсөн. Уг шийдвэрийг сургуулийн Захиргаа хүлээн аваагүй тулд манай гишүүн өөрийн эрхийн дагуу шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулсан. Гишүүнд МБШУ-ны ҮЭХолбооноос өмгөөлөгчийн үйлчилгээ үзүүлсэн болно.

Өнгөрсөн жилд хийж гүйцэтгэсэн гол ажлуудаа тайлагнаад зогсохгүй цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, гишүүдийн санал хүсэлт, шүүмжлэлийг хүлээн авлаа. Манай ҮЭ-ийн гишүүдийн тавьсан санал хүсэлтээс танилцуулья.

  1. ҮЭ-ийн Нэгдсэн хороо нь өнгөрсөн жил гишүүн, гишүүн бус бүх хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан байна. Гэтэл татвар төлж буй гишүүд давуу эрхийг эдлэх ёстой. Иймд цаашдаа зөвхөн гишүүн хүнийхээ төлөө ажиллах хэрэгтэй. Гишүүн бус хүмүүс өөрийн эрх ашгаа өөрөө хамгаалж чадна гэж үзэх хэрэгтэй.
  2. Бүрэлдэхүүн сургуулийн үйлчилгээний ажилтан, сургалтын албаны ажилтан, номын санч зэрэг хүмүүсийг зун ээлжийн амралтыг нь дууссаны дараа хичээлийн жил эхлээгүй гэдэг шалтгаанаар үргэлжлүүлэн цалингүй амраадаг явдал уламжлал болоод удсан. Гэтэл энэ сул зогсолт тухайн хүнээс огт шалтгаалахгүй байхад яагаад сургууль хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Энэ асуудлыг Хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэж өгөх.
  3. Манай сургуульд стандартын норм нормативыг огт баримтлахгүй байна. Иймд  Хамтын гэрээний заалтын дагуу мэргэжлийн байгууллагад хандаж стандарт нормыг тогтоолгох хэрэгтэй байна. Үүнд: 1 багшид ногдох ажлын байрны талбай, 1 үйлчлэгчийн цэвэрлэх талбайн хэмжээ, ариун цэврийн өрөөний үйлчлэгч цэвэрлэх ёстой суултуурын тоо, сургалтын албаны ажилтанд ноогдох оюутны тоо зэргийг тогтоолгож өгөх хүсэлт тавьлаа.
  4. ШУТИС-ийн нийт ажиллагсдын Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичиглэл, баталгаажуулалт цаг тухайд нь хийгдэхгүй, зарим сарыг нь орхигдуулсан, чөлөөтэй байх үеийн шимтгэлийг нь төлж батлуулаагүй зэрэг зөрчил гарсаар байна. Иймд энэ асуудлыг ШУТИС-ийн Санхүү, эдийн засгийн газар уламжлаж, ҮЭ-ийн гишүүдийг хохиролгүй болгох.
  5. ҮЭ-ийн гишүүдийн Тэтгэврийн дансны мэдээллийг Санхүү, эдийн засгийн газраар дамжуулан эрх бүхий байгууллагаас нь гаргуулж өгөх.
  6. Гишүүдийн хууль, эрх зүйн мэдлэг, үнэт цаасны тухай ойлголт зэргийг олгох, дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, лекц, семинар зэргийг МБШУ-ны ҮЭХолбоотой хамтран зохион байгуулах.
  7. Гишүүн багш нарын оюуны өмчийг хамгаалах тал дээр Захиргаатай хамтран ажиллах.

ШУТИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн хороо гишүүдийнхээ санал хүсэлтийн дагуу ажиллах бөгөөд энэ жилээс эхлээд зөвхөн гишүүн хүнийхээ төлөө ажиллаж, зөвхөн гишүүний эрх ашгийг хамгаална гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

ҮЭ-ийн Нэгдсэн хороо

2011 оны 3-р сарын 03