ШУТИС-ийн ДаТС-ийн “Хорол-Эрдэнэ 2011” оюутны яруу найргийн наадмаас
2011-03-23 10:54 Админ

Дэлхийн яруу найргийн өдрийг угтан, Монголын яруу найргийн сараар, ШУТИС-ийн Дархан дахь Технологийн сургууль нь эх хэл, утга зохиол, яруу найргийг хөгжүүлэх, шинэ залуу авъяастныг тодруулах, чөлөөт сэтгэлгээ, гоо зүйн таашаал мэдрэмжийг олонд хүртээх, оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн их дээд, мэргэжлийн сургуулиудын оюутны дунд жил бүр “Хорол-Эрдэнэ” яруу найргийн наадмыг уламжлал болгон явуулдаг билээ.
2011 оны 03 сарын 11-нд энэ жилийн оюутны яруу найргийн наадам “Хорол-Эрдэнэ 2011” нэрийн дор явагдлаа.  Уг наадамд ДаТС, ХААИС, Дархан-Өргөө, Дархан дээд, МСҮТ, Мандах бүртгэл дээд сургуулийн нийт 25 оюутан оролцож уран үг, утга мэдрэмжээ уралдуулсан ба Монголын Зохиолчдын Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь зохиолчдын салбарын дарга, МЗЭ-ийн гишүүн Л.Мөнхбаатар, шог зохиолч, шог зураач Д.Мянганзам нар шүлгийн мялаалга өргөн, МЗЭ-ийн шагналт зохиолч Ш. Сүрэнхор, МЗЭ-ийн гишүүн зохиолч, сэтгүүлч Б. Норовсамбуу, ДаТС-ийн ахмад багш, доктор Ц.Рэнцэнханд нар шүүгчээр ажилласан.
“Хорол-Эрдэнэ 2011” оюутны яруу найргийн наадмын тэргүүн байрыг ХААИС-ийн А.Очирсүх, дэд байрыг Дархан-Өргөөгийн Ч.Ганхүлэг, гутгаар байрыг ДаТС-ийн Д.Мөнх-Эрдэнэ, тусгай байрыг Мандах бүртгэлийн Ш.Батчимэг, МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь зохиолчдын салбар зөвлөлийн шагналыг МСҮТ-ийн А.Эрдэнэзул, Я.Батсүх агсны нэрэмжит шагналыг ДаТС-ийн Б.Нандинцэцэг нар тус тус эзлэв.
МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь зохиолчдын салбар зөвлөл, ДаТС-ийн номын сан, Дархан-Уул аймгийн хүүхдийн ордон хамтран “Хорол-Эрдэнэ 2011” наадмын үеэр оролцогчид, үзэгчдэд номын үзэсгэлэн гарган үзүүлсэн.

 “Хорол-Эрдэнэ 2011” оюутны яруу найргийн наадмын зарыг DBS, ЛХА телевизүүдээр 2-3 өдөр явуулан, наадмын тоймыг DBS телевиз, Найрамдлын Дархан сонин, ДаТС-ийн вэб хуудсаар мэдээлэн олны хүртээл болголоо.
Оюутны яруу найргийн наадам жил бүр зохион байгуулалт сайтай, үзэгч олны таашаалд нийцсэн сайхан болж, шүлгийн чанар жилээс жилд сайжирч байгаа бөгөөд энэ жилийн оролцогч оюутнуудын шүлэг уламжлалт эх орон, эцэг эх, хайр сэтгэлийн сэдвээс гадна ухаарал, харууслын аястай шүлгүүд зонхилж байв.


ЗХШҮГ