Нийгмийн технологийн сургуулын археологийн экспедици анхны малтлага судалгааны ажлаа хийлээ
2011-06-04 13:28 Админ

2011 оны 04-р сарын 16-аас 05-р сарын 06-ийг хүртэл 20 хоногийн хугацаанд ШУТИС-ийн НТС-ийн археологийн экспедици уул уурхайн “WM MINING” компанитай хийсэн гэрээний дагуу Төв аймгийн Заамар сумын нутаг, Мэхт буланд орших тус компанийн ашиглалтын талбайд Монгол Улсын Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яамны Археологийн хайгуул, малтлага, судалгаа явуулах албан зөвшөөрөл болон Монгол Улсын соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу археологийн авран хамгаалах малтлага судалгааг явуулж хүрлийн үед холбогдох нийт 10 дурсгалыг археологийн зохих арга зүйн дагуу малтан судалснаас гадна газар зүйн солбицлыг тогтоох, дурсгалын төрөл, хэлбэр, хэмжээ, түүхэн он цагийг тодорхойлох, фото зураг авч баримтжуулах, дурсгалуудад үнэлгээ өгөх, шинжлэх ухааны ач холбогдлыг тодорхойлох, уурхайн зориулалтаар ашиглахаас өмнө уг газруудад илрүүлсэн бүх дурсгалуудыг авран хамгаалах иж бүрэн малтлага судалгааг хийж гүйцэтгээд иржээ.

      Тус авран хамгаалах малтлага судалгаанд НТС-ийн Түүх Аялал жуулчлалын багийн 3 багш, судлаач болон 10 оюутан, 1 тогооч, 1 жолооч буюу нийт 15 хүн оролцон ажилласан байна. Хээрийн судалгааны хугацаанд тус газарт илрүүлсэн нийт 20 булш, тахилгын байгууламжуудаас 1 хиргисүүр, 3 дөрвөлжин булш, 6 тахилгын байгууламж буюу нийт 10 булш, оршуулга, тахилгын байгууламжийг малтсан ба бүгд хүрлийн үед (МЭӨ 2-р мянган жил) хамаарагдах дурсгалууд байсан ажээ. Үүнээс 1 дөрвөлжин булш огт хөндөгдөөгүй анхны байдлаараа илэрсэн ажээ.
Тус малтлага судалгааны дүнд хүний яс, бод болон бог малын яс, хүрмэн чулуугаар хийсэн тээрэмны хэсэг, чулуун сувсан зүүлт (15ш) зэрэг археологи, угсаатны зүй, антропологийн сонирхолтой материалуудыг илрүүлсэн ба Монгол улсын соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу ШУТИС-ийн Археологийн экспедицийн цуглуулгын санд бүртгэн авсан бөгөөд цаашид  лабораторийн нарийвчилсан судалгаа хийж шинжлэх ухааны эргэлтэнд оруулахаар ажиллаж  байна.Эндээс илрүүлсэн чулуун тээрэм нь Хиргисүүрээс анх удаа олдож байгаа төдийгүй урьд өмнө Монгол нутагт малтан судалсан бусад төрлийн булш оршуулгаас маш цөөн тоотой илэрсэн эд өлгийн зүйл ажээ. Энэ нь хүрэл зэвсгийн үеийн газар тариалан, аж ахуйн хөгжлийн үйл явцыг харуулан чухал олдворт тооцогдоно.  Үүнээс гадна бидний малтсан хиргисүүрээс хос оршуулга буюу 2 хүнийг нэг чулуун байгууламжинд багтаан оршуулсан оршуулга илэрсэн нь мөн урьд өмнө энэ төрлийн оршуулгын дурсгалаас илэрч байгаагүй зан үйлийн сонирхолтой төрөл ажээ.

        Малтлагаар илэрсэн археологийн олдворууд нь Монголын түүхийн хүрэл зэвсгийн үеийн хүн амын уламжлалт зан үйл, тэдгээрийн залгамж холбоо, эдийн болон оюуны соёлын онцлог, уламжлал,  архео-этнологи, түүхэн тухайн үеийн соёл иргэншлийн асуудлыг үе улируулан онолын дүн шинжилгээ хийхэд шинжлэх ухааны ач холбогдолтой  археологи, антропологийн эх сурвалж, мэдээлэл болох чухал ач холбогдолтой билээ.
       Тус судалгааны ангид НТС-ийн Түүх, Аялал жуулчлалын профессорын багийн багш,  тус төслийн удирдагч /Ph.D/Л.Эрдэнэболд, багш Д.Хатанбаатар, багш Ч.Ванчигдаш нар болон Аялал Жуулчлалын Менежментийн IV дамжааны оюутан Ч.Ганбаяр оролцон ажиллажээ.