“Эрдмийн баяр”-ын арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал боллоо.
2011-06-17 05:16 Админ

Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн салбарын мэргэжлийн инженер техникийн ажилтан бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг угтаж Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МХХ-ны Хүндэт ерөнхийлөгч, зөвлөх инженер, техникийн шинжлэх ухааны доктор (ScD) Л.Дамдинсүрэнгийн  65 насны ойг тохиолдуулан хөдөлмөр алдрыг тэмдэглэх ажлыг “Эрдмийн баяр” болгон зохион байгуулахаар  ШУТИС-ийн ХИБС, Монголын Хүнсчдийн Холбоо хамтран олон цуврал арга хэмжээг 2011 оны 06-р сарын 15-нээс эхэлж байна.

Л.Дамдинсүрэн 1981-1990 онд хүнсний аж үйлдвэрийн салбарыг удирдахдаа үйлдвэрүүдийн технологийн түвшинг дээшлүүлэх, Улаанбаатар хотын зарим дүүрэг, хөдөөгийн сумдад талх, боов, ундаа, хиамны жижиг үйлдвэрлэл байгуулан хөгжүүлэх зэрэг үйлдвэрлэл, технологийн хөгжлийн олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлжээ. Түүний санаачлага, оролцоотойгоор 1991 онд хүнсний хангамжийн асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгчийн захирамж гарч, 1995 онд “Хүнсний тухай хууль” УИХ-аар, 1999 онд “Махны экспорт” төсөл, “Цагаан хувьсгал”, 2001 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл” үндэсний хөтөлбөрүүдийг Засгийн газраас батлан хэрэгжүүлжээ.

2003-2010 онд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” (УИХ,2003), “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”, “Сүү”, “Хүнсний баталгаат байдал” зэрэг үндэсний хөтөлбөрүүд, “Хүнсний тухай” болон түүнтэй холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвхитэй оролцож байна. Мөн Хүнсний бодлого, аюулгүй байдлын менежментийг сайжруулах, архины үйлдвэрлэлт, хуваарилалтыг зохицуулах, архидан согтуурахтай тэмцэх талаар 2007 онд судалгаа хийж, 2 хуулийн үзэл баримтлал боловсруулсан нь одоо ажил хэрэг болж байна.

Л.Дамдинсүрэн удирдлага, аж ахуйн үйл ажиллагааны зэрэгцээ шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд бодитой  хувь нэмэр оруулж байгаа эрдэмтний нэг юм.

1991 оноос Хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээний институт, 1997 оноос “Хүнстех” корпораци, ШУТИС-ийн Хүнсний инженер зүй,  биотехнологийн сургуулийн эрдмийн зөвлөл, 2001 оноос ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөл, 2004 оноос ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн  гишүүн, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрийн “Само” институтын Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2008 оноос“Тайж” группын Хүнсний бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

Л.Дамдинсүрэн 1979 оноос эхлэн “Монгол цагаан идээ”, “Бэлчээрийн малын гаралтай түүхий эдийг боловсруулах оновчтой технологи”, “Мах, сүү-зах зээлд”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах арга зам”, “Бодисын солилцоог дэмжих үйлчлэлтэй цагаан идээ, цэвэр өсгөврийн хөрөнгө” зэрэг  шинжлэх ухаан, технологийн 10 төсөл, доктор, магистрын судалгааны ажил удирдаж,  13 шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, 10 ашигтай загвар, зохиогчийн 3 эрх  хамгаалж, үйлдвэрлэл, сургалтанд нэвтрүүлсэн байна.

Мөн эрдэм шинжилгээний хурал симпозиумд Монгол, Орос, Болгар, Англи хэлээр 25 илтгэл тавьж, ном, товхимол 30-ыг хэвлүүлж, эрдэм шинжилгээ өгүүлэл 130 гаруйг  бичиж нийтлүүлжээ

Төрийн захиргааны удирдлага, шинжлэх ухааны судалгааны арга зүй, инженерийн зохион бүтээх ажлын талаар мэргэшсэн, үйдвэрлэлийн менежмент, технологийн талаар дадлага, туршлагатай, залуу мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудад үлгэр дууриалал болж байдаг, хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа салбарын тэргүүлэх эрдэмтэн, инженер, ахмад ажилтан Л.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Хүнсний зохистой хэрэглээ-монгол уламжлал” сэдэвт бүтээлийн уралдааныг тухайн сэдвээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэн дэвшүүлэх иргэн бүр, төрийн болон төрийн бус Их дээд Сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, эрдэмтэд, оюутны дунд зарлаж байна.

Уралдааны зорилго “Хүнсний зохистой хэрэглээ-монгол уламжлал”-ыг сэргээх, хөгжүүлэхэд оршино. 

Бүтээлийн уралдаантай холбогдох мэдээллийг ШУТИС-ын веб-сайт  /www.must.edu.mn/ эсвэл дараах утсаар холбогдон авч болно. удирдамж татах

  1. ШУТИС, ХИБС. утас: 311907,324590-2601, 3245490-26-12, ФАКС  976-11-311907 
  2. Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн багийн профессор, доктор   Г. Гантөмөр 99105092. Mail: gantumurga@yahoo.com,
  3.  Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн багийн ахлах багш              Д. Амарбаясгалан   91653989 Mail:amarbayasgalan_do@yahoo.com

2011 оны 06 сарын 15