Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой боллоо
2011-06-17 17:16 Админ

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой 2011 оны зургадугаар сарын 9-12-ны хооронд болж өнгөрлөө. Үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын нээлтийн ажиллагааг өөрийн сургуулийн өмнөх талбайд хийсэн юм. Баярын нээлтийн ажиллагаанд гадаад дотоодын төлөөлөгчид болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн 19 сургуулийн төлөөлөл, аймгийн Засаг даргын тамгын газраас холбогдох албаны хүмүүс оролцжээ. Мөн энэ өдөр “Шинжлэх ухаан технологи-бүс нутгийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, төгсөгчдийн уулзалт зохион байгууллаа.

Олон улсын эрдэм шинжилгээний нэгдсэн хурлын төгсгөлд үйлдвэрлэл дээр урт хугацаагаар амжилттай ажиллаж, сургуулиа хөгжүүлэхэд тодорхой хөрөнгө оруулж байгаа 3600 төгсөгчидөөс 27 төгсөгчид хүндэт магистр цол олгосон.

 

Эрдэм шинжилгээний хурал тухайн өдрийн үдээс хойш Барилга үйлдвэрлэл болон Хүнс үйлдвэрлэлийн салбараар хуваагдан салбар хуралдаан болж Америк, Герман, Чех, Өмнөх Солонгос, Япон, Франц, Итали, Веьтнам, ОХУ-ын судлаачид оролцсон юм. ШУТИС-ийн эртний харилцагч Чех улсын Злин хотын Томас Батагийн их сургуулийн ректор Petr Saha ойн баярт хүрэлцэн ирсэн хүндтэй зочин байлаа. Харин хоёр дахь өдөр буюу зургадугаар сарын 10-ны өдөр сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын ажиллагааг хийж, ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болсон. Өргөтгөлийн барилга ашиглалтад орсоноор тус сургуулийн хичээллийн анги танхим нэмэгдэж оюутнуудын таатай орчинд суралцах боломж бүрдэх юм. 

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 20 жилийн ойн баярын хурлын үеэр тус сургуулийг үүсгэн байгуулалцсан багш нар төрийн болон яам тамгын газрын шагнал хүртэв. Мөн тус сургуульд олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилчид ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн болон Ректорын нэрэмжит шагналаар шагнагдсан. Баярын хурлыг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нээн үг хэлж 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус сургуулийн хамт олонд мэндчилгээ дэвшүүлж компьютер бэлэглэв. Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг анх Ардын боловсролын сайдын 1991 оны 7 тоот тушаалыг үндэслэн МУТИС-ийн ректор Ч.Авдайн тушаалаар Дархан хотын мэргэжлийн сургалтын төвийг 1991 оны 2-р сарын 16-ны өдрөөс эхлэн ТИС-ийн Дархан хот дахь салбар болгон өргөтгөн өөрчилж зохион байгуулсан байдаг.

 

Анх тус сургууль 4 мэргэжлээр 100 оюутан, 10 багштай бакалаврын сургалт явуулж эхэлсэн бол одоо тус сургууль 23 мэргэжлээр 3100 гаруй оюутан, 110 гаруй профессор багштай, бакалавр, магистр, докторын шатны сургалт явуулдаг юм. Судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг 3 том төвтэй, “Эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл” гэсэн бүтэцтэй ШУТИС-ийн бүрэлдэхүүн, бүс нутгийн томоохон сургуулиудын нэг болж чадсан байна. Түүнчлэн гадаад есөн орны 19 их дээд сургууль хүрээлэн, дотоодын 54 байгууллагатай тогтмол харьцаатай. Тус сургууль Монгол Улсын боловсролын салбарт өөрийн байр сууриа олсон, нэр хүндтэй орчин үеийн томоохон сургууль болж чадсанаараа сургуулийн хамт олон нь бахархаж байдаг.   Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь 6 профессорын баг, 3 тэнхимийн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Машин үйлдвэрлэлийн технологи, Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи, Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалт гэсэн дөрвөн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг Монгол Улсын хэмжээнд дангаараа эрхлэн явуулж байгаагаараа онцлогтой. ДаТС багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан төдийгүй оюутанд ээлтэй сургалтын таатай орчин бүрдэж, материаллаг бааз бэхжсэн. Өндөр хурдтай шилэн кабелиар интернэтэд холбогдсон олон улсын мэдээллийн технологийн сертификатын сургалт явуулдаг “Cisco” төв нь өндөр хүчин чадлын компьютер, техник хэрэгслүүдээр хангагдсан. Профессор багш нарын 45 хувь нь зөөврийн компьютертай болсон нь уламжлалт болон электрон хэлбэрээр сургалт явуулах орчин бүрдсэн. Тус сургуульд суралцагчид нь экологийн харьцангуй цэвэр орчинд амьдарч суралцах боломжтой хэмээн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал С.Цэвэл ойн баярт хүрэлцэн ирсэн зочдод танилцуулсан юм. 20 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа сургуулийн хамт олон зургадугаар сарын 11-ний өдөр төгсөгчид болон гадаад дотоодын зочидод зориулсан тусгай хөтөлбөр бэлтгэж 12-ны өдөр зочид төлөөлөгчдийг үдэх арга хэмжээгээр ойн баяраа өндөрлүүллээ.


ЗХШҮГ