ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгов
2018-09-28 00:40

ШУТИС болон салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын эрдэмтэд, хамтран ажилладаг хүмүүст олгодог ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгох ёслолын ажиллагаа 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.

ШУТИС-ийн “Хүндэт профессор” цолоор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн ууган багш, “Цагдуултайн ундарга” ХХК, “Голден Альп” группийн зөвлөх, Геологи-эрдэс судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор Ж.Ган-Очир, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн төгсөгч “Шугам” ХХК-ийн зөвлөх инженер Л.Дарамбазар нарт олгов.

            Ж.Ган-Очир нь тус их сургуулийн сургалтын материаллаг бааз, анги танхимуудыг шинэчилж, геологийн хээрийн дадлагын полигон байгуулж, Монгол, ОХУ, Хятад улсын их дээд сургуулиудын хамтарсан Хэрлэнгийн геологийн олон улсын экспедицийг санаачлан байгуулснаар анхны эрдэм шинжилгээний хурлуудын эхлэл тавигдаж байжээ. Мөн орчин үеийн плит тектоникийн онолын мэдлэгийг анхлан түгээж, агаар сансрын зургийн тайллын чиглэлийг Монголын геологийн салбарт хөгжүүлсэн анхдагч бөгөөд 70 гаруй төгсөгчдийг удирдаж хамгаалуулсан байна. Түүний энэхүү оруулсан материаллаг болон оюуны хөрөнгө оруулалтыг үнэлэн ШУТИС-ийн “Хүндэт профессор” цолоор шагнажээ.

            Л.Дарамбазар нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн оюутнуудын сургалтын чанарыг дээшлүүлэх, оюутан залуусын үйлдвэрийн дадлагыг удирдах, ажлын байраар хангах, лабораторийн материаллаг баазыг шинэчлэхэд дэмжиж ажилладаг. Мөн зах зээлийн хүнд үед ТИС-ийн Эрчим хүчний Факультетын багш, ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллахад нь цалин хөлс, хөрөнгө материалын дэмжлэг үзүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн, сургалтын өндөр хүчдэлийн лаборатори, сургалтын полигоныг байгуулахад 20 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламжийн  тоног төхөөрөмж нийлүүлж, дэмжлэг үзүүлсэн байна. Цахилгааны салбарын 6-10-35кВ-ын хүчдэл бүхий сургалтын полигоныг өөрийн харьяа Яармаг-Тэрэлж-Горхийн үйлдвэрлэлийн баазыг түшиглэн барьж байгуулсан. Сургалт, судалгаа, гэрээт ажлуудыг багш, оюутнуудаар гүйцэтгүүлэх зэрэг ШУТИС-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

            ШУТИС-ийн дээд шагнал “Хүндэт профессор” цол хүртсэн ахмад инженерүүд  Ж.Ган-Очир, Л.Дарамбазар нартаа ШУТИС-ийн эрдмийн хамт олны зүгээс соён гэгээрүүлэхийн их үйлсэд нь амжилт хүсэж, эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл

Эрдэм шинжилгээ, инновацийн газар