ГУУС-ийн багш нар Гидрогеологичдын олон улсын холбооны 45-р их хуралд оролцож илтгэл хэлэлцүүллээ
2018-10-01 23:14

Гидрогеологичдын олон улсын холбоо нь газар доорхи усны нөөцийн төлөвлөлт, менежмент, хамгааллын салбарт ажиллаж байгаа эрдэмтэд, инженер, усны менежерүүдийг эгнээндээ нэгтгэсэн шинжлэх ухаан, боловсролын сайн дурын байгууллага юм. Тус байгууллага 1956 онд байгуулагдсанаас хойш эгнээгээ өргөжүүлэн дэлхийн 132 орны 4000 гаруй гишүүдтэй болоод байна.

Хуралд оролцсон ГУУС-ийн багш нар

Гидрогеологичдын олон улсын холбооны 45-р их хурал 2018 оны 09-р сарын 9-14 өдрүүдэд Солонгос улсын Дэжон хотноо “Газар доорхи ус ба амьдрал: шинжлэх ухаан, технологийг үйлдэл болгох нь” сэдвийн дор боллоо. Хурал 9 сэдвээр, 40 хэсэг хуралдаж нийтдээ 396 аман илтгэл, 184 ханын илтгэл хэлэлцлээ. 

   

Багш доктор Д.Энхбаяр хэсгийн хурал удирдаж мөн илтгэл хэлэлцүүлж байгаа нь

ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг хурлын шинжлэх ухааны зөвлөлд ажиллан, багш доктор Д.Энхбаяр “Голын эргийн биогеохими ба экогидравлик” сэдэвт хэсгийн хурлыг удирдан мөн аман илтгэл хэлэлцүүлж, багш доктор Б.Наранчимэг төслийн үр дүнгээр ханын илтгэл, тус сургуулийн багш Японы Тохокугийн их сургуулийн докторант Б.Батдэмбэрэл судалгааны ажлын үр дүнгээр аман болон ханын илтгэл тус тус хэлэлцүүлэв.

      

Багш доктор Б.Наранчимэг, докторант багш Б.Батдэмбэрэл нар илтгэл хэлэлцүүлэв.

Докторант Б.Батдэмбэрэлийн хэлэлцүүлсэн “Гүний хоолойн газар доорхи усны гарал үүсэл ба геохимийн хувьсал” сэдэвт ханын илтгэл Залуу гидрогеологичдын шилдэг илтгэлээр шалгарлаа.

Докторант Б.Батдэмбэрэлийн шилдэг ханын илтгэлийн гэрчилгээ

“Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх газрын доорх усны хяналт, шинжилгээний цэгүүдийн хэмжилтийн мэдээлэлд боловсруулалт хийх, усны чанарын судалгаа, шинжилгээ хийх ажил” төслийн үр дүнг мэргэжлийн олон улсын хурлаар хэлэлцүүлэх зорилгоор зардлыг төсөвлөсөний дагуу зарцуулж мөн төслөөс гурван магистрант оюутнуудын замын зардлыг даан Солонгос улсын Ёнсой их сургуулийн лабораторид ажиллуулсан.

     

Геошинжлэх ухаан, ашигт малтмалын Солонгосын хүрээлэнгийн лабораториудтай танилцаж байгаа нь

Мэргэжлийн олон улсын хуралд оролцоход дэмжлэг үзүүлсэн ГУУС-ийн захиргаа, мэргэжлийн багш нар, хамт олондоо талархал илэрхийлье.