“Хүрэлтогоот-2018” инженерчлэл, технологи, инновацийн салбар хурал боллоо
2018-10-22 19:15

БСШУСЯ, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ болон ТИЗСН-ээс техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 14 дэхь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний хурал 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот танхимд болсон бөгөөд хурлын үйл ажиллагаанд 80 гаруй залуу эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцлоо.

Хурлын үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, тус яамны Салбарын хүний нөөц, тэргүүлэх чиглэл, цөм технологийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн М.Гульфира, ШУТС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхжаргал, ТИЗСН-ийн тэргүүн Б.Чинзориг, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын Инновацийн хэлтсийн дарга Г.Жаргалмаа, болон салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, 80 гаруй залуу судлаачид оролцов.

Тус хурлын уламжлал болгон хэлэлцүүлдэг хүндэтгэлийн илтгэлийг Академич, профессор, доктор (Sc.D) Д.ДАШЖАМЦ уншлаа. Тэрээр залуу судлаачдад хандан шинжлэх ухааны судалгааны мөн чанар ба онцлог, судалгааг системийн шинжилгээний арга зүйд тулгуурлах, урьдчилж таамаглан тооцоолох аргууд, Монголчуудын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, залуу судлаач, эрдмийн ажил (диссертаци) бичигчид зориулсан зөвлөмж, үнэтэй сургамж айлдлаа. Мөн урилгаар доктор (Ph.D) Б.Загдхорол “Ирээдүйн эрчим хүчний систем” сэдвээр маш сонирхолтой итлгэлийг хурлын хаалтын үйл ажиллагаанд танилцуулсан.

Тус хурлын шүүгчээр МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Доктор (Ph.D), дэд профессор Ч.ЛОДОЙРАВСАЛ, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Доктор (Ph.D), дэд профессор Т.НАМНАН, ШУТИС,Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төвийн захирал Доктор (Ph.D) Г.ТӨРМӨНХ, Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургуулийн захирал Доктор (Ph.D) Н.ДОРЖДЭРЭМ, ШУТС-ийн захирал Доктор (Ph.D) Д.ЭНХЖАРГАЛ, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал Доктор (Ph.D) Ч.ГАНЗОРИГ, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Доктор (Ph.D) Ц.БАТБААТАР, бизнесийн байгууллагын төлөөллөөр МCS интернейшнлийн инженерингийн газрын дарга О.ШИНЭХҮҮ зэрэг салбартаа нэр хүнд бүхий тэргүүлэх эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс ажиллаж, залуу судлаачдын эрдмийн ажлыг шүүн хэлэлцлээ.

Жил бүр өргөжин тэлж буй энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх томоохон талбар болж байгаа бөгөөд “Хүрэл тогоот-2018” олон улсын хуралд Итали, Япон, Тайвань, Солонгос, Монгол зэрэг 5 улсаас нийт 80 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын 50 гаруй бүтээл ирүүлснээс анхан шатны шалгаруулалтаар 76 судлаачдын 32 бүтээлийг эмхтгэн олон нийтэд толилуулж байгаа бөгөөд дараагийн шатанд суурь болон хэрэглээний чиглэлээр тус бүр 5 илтгэл шалгарч, гурав дахь шатанд хэлэлцүүлсэн.

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат

ТИЗСН-ийн тэргүүн доктор (Ph.D), дэд проф., Б.Чинзориг

ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), дэд проф.,Т.Намнан

Академич, профессор, доктор (Sc.D) Д.ДАШЖАМЦ

Технологи, суурь судалгааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН байранд ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Далайхүүгийн БОЛОРМАА, Бямбанасангийн УРАНЗАЯА, Цамбын ОЮУНГЭРЭЛ нарын “Монгол малын маханд агуулагдах эрдэс бодис болон хүнд металлыг атом шингээлтийн спекрометрийн (AAS) аргаар тодорхойлсон үр дүн”,

ДЭД байранд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Механик, Тээврийн сургуулийн багш Шамбалжамцийн ЦООЖ “Mеханик боловсруулалтын энерги зарцуулалтын загварчлал”,

Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН байранд Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Нано, химийн инженерчлэлйн тэнхимийн магистрант Цагаанцоожийн ТУУЛ “Төмрийн соронзон ширхэг гарган авч нуклейн хүчил ялгах технологид ашиглах боломжийн судалгаа”,

ДЭД байранд ХААИС-ийн багш Жаргалсайханы АМГАЛАНЗУЛ, Доржсүрэнгийн ТҮВШИНЖАРГАЛ нарын “Таримлын үрийг бордоогоор бүрж туршсан дүн”,

Хурлын ТУСГАЙ байранд ШУТИС-ийн Эрчим хүчний Сургуулийн судлаач Цэрэндоржийн ЦЭЦГЭЭГИЙН “Дулааны эрчим хүч хэмнэх боломжийн судалгаа” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.

Шилдэг залуу судлаачид

Тэргүүн байранд шалгарсан судлаачдыг МЗЭХ, ТИЗСН-ээс МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын Сайдын залуу судлаачдын 4.0 сая төгрөгийн Грантад нэр дэвшүүллээ. II байранд шалгарсан судлаачдын Мобиком корпорацийн нэрэмжит мөнгөн шагнал, тусгай байрны судлаачид Чагдаржав сангийн нэрэмжит мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан. Түүнчлэн шилдэг 10-т багтаж илтгэл тавин өрсөлдсөн  бусад 5 судлаачдад UB Innovation HUB Center–т сууж ажиллах 3, 2, 1 сарын эрхийн бичгийг гардуулан өглөө.Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

ТЕХНОЛОГИ ИННОВАЦИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГ