“УБ хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах 2018-2020” төслийн эхний шат амжилттай хэрэгжиж эхэллээ
2018-10-25 18:06

БНСУ-ын Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA) болон “WITH” Төрийн Бус Байгууллагын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжих “УБ хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах 2018-2020” төслийн хамтран ажиллах гэрээг Нийслэлийн Боловсролын газар, ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль болон СХД-ийн 117-р цэцэрлэг өнгөрсөн оны 11-р сард байгуулсан юм. Төслийн Монгол талын гүйцэтгэгчээр ҮТС-ийн Шим тэжээл судлалын төв ажиллаж байна.

Төсөл 2018 оноос эхлэн 3 үе шатаар хэрэгжих бөгөөд эхний шатанд аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах Загвар гал тогоог байгуулах ажлыг гүйцэтгэж, нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 10-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Jo Haeng Lan, “WITH” Төрийн Бус Байгууллагын ТУЗ-ын дарга Kim Chul Jai, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн захирал Ж.Туяацэцэг болон холбогдох газруудын төлөөлөгч нар оролцов.

 

Төслийн эхний шатны зорилго нь хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн мэргэжилтэнг чадавхжуулах, аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан гал тогоог зохион байгуулах, хүүхдийн бие махбодийн хэрэгцээ шаардлагыг хангасан шим тэжээллэг хоолны цэс боловсруулах замаар цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн үйлчилгээг зохион байгуулж олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэж байна.

 

Манай оронд цэцэрлэгт 2-5 насны хүүхэд хамрагддаг ба энэ нас нь хүүхдийн хувьд насан туршийн боловсрол, оролцооны суурийг нь тавьж, ирээдүйн эрүүл саруул иргэн болох боломж нээлттэй байдаг “цонх” үе юм. Мөн хүүхдийн тархины хөгжил хамгийн идэвхтэй явагдаж, улмаар эрүүл саруул болох суурь тавигддаг.  Бага насандаа шим тэжээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон төрлийн хүнсийг тогтмол зохистой хэрэглэх нь хүүхдийн тархины эсийн хөгжлийг дэмждэг, харин зохисгүй хооллолт нь тархины үйл ажиллагаа буурах, өсөлт хоцролтонд өртөх, өвчлөмтгий байх шалтгаан болдгийг олон улсын нотолгоонд суурилсан судалгааны үр дүнгээс харагдаж байна.

 

Хүүхэд хоногийн 8 цагийг цэцэрлэгт өнгөрүүлдэг учраас цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн үйлчилгээний асуудлыг зөв зохион байгуулах нь ирээдүйн эрүүл иргэнийг бий болгоход чиглэсэн том хөрөнгө оруулалт юм.  

ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ