“Хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлог” сэдэвт цэцэрлэгийн аргазүйч нарт зориулсан семинар
2019-04-30 00:04

БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн Боловсролын газар (НБГ) болон ШУТИС, ҮТС-ийн Шим тэжээл судлалын төв  хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл – хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлог болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээг оновчтой зохион байгуулахад авах арга хэмжээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой семинарыг 4-р сарын 22, 23-ны өдөр НБГ-ын сургалтын танхимд төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн 394 аргазүйч, 408 тогооч, нийт 802 хүнд  зохион байгуулав.

Семинарт БНСУ-ын Дэксунг эмэгтэйчүүдийн Их сургуулийн Шим тэжээл ба хоол үйлдвэрлэлийн тэнхимийн профессор, доктор Ким Гун Хи (Kim Gun Hee) “Бага насны хүүхдийн шим тэжээлийн зохицуулалт”,  Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төвийн менежер, доктор Пек Жи Сү (Baek Ji Su) “Бага насны хүүхдийн шим тэжээл ба хоол үйлдвэрлэл” сэдвээр тус тус илтгэл тавив.

НБГ-ийн хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг, “WITH” ТББ-ын Монгол дах суурин төлөөлөгч хатагтай Пак Кён Хи, Шим Тэжээл судлалын төвийн зөвлөх Ким Сон Ми, захирал Ц.Зууннаст нарын төлөөлөл оролцсон юм.

Тус арга хэмжээг НБГ-ын хэлтсийн дарга С.Ганчимэг, “WITH” ТББ-ын Монгол дах суурин төлөөлөгч хатагтай Пак Кён Хи нар нээж үг хэлэв. Семинарыг нээж хатагтай Пак Хён Хи хэлсэн үгэндээ “Солонгос улсад ардын нэгэн зүйр үг байдаг бөгөөд 3 насандаа сурсан зүйл 80 нас хүрсэн ч мартдаггүй” хэмээгээд хүүхэд бага насандаа ялангуяа цэцэрлэгт идэж буй хоол маш чухал болохыг тэмдэглэж, цаашид ч энэ асуудалд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.

  

НБГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэсийн дарга хатагтай С.Ганчимэг хэлсэн үгэндээ уг семинарыг зохион байгуулахдаа нийт цэцэрлэгийн аргазүйч нараас судалгаа авсан үүний үр дүнд судалгаанд хамрагдагсдын 69% нь хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлог сэдвээр сургалт авахыг хүүсэн бөгөөд өнөөдрийн үйл ажиллагааг цэцэрлэгийн аргазүйч нарын саналын дагуу зохион байгуулж буйг онцлон тэмдэглэв.

Мөн Шим тэжээл судлалын төвөөс “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуйн менежмент” нэртэй ном эрхлэн гаргаж олны хүртээл болгосон бөгөөд, цаашид үргэлжлүүлэн цуврал ном болгон гаргаж бусад цэцэрлэгүүдэд тараах ажлыг хийнэ гэдгээ мэдэгдэв.

Төслийн хүрээнд цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах жишиг гал тогоо байгуулан ажиллаж байгаа бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, багш, тогооч болон нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, эцэг эхчүүдэд шим тэжээлийн боловсрол олгох ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж буйгаа онцолсон юм.

 

ШУТИС, ҮТС, Шим тэжээл судлалын төвийн хамт олонд талархал илэрхийлж хүн амд шим тэжээлийн боловсрол олгох ажилд нь амжилт хүсье.