Уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын хүнд машин механизм бэлэглэв
2011-11-08 23:03 Админ

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй Хүмүүнлэгийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд Уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын 18 ширхэг хүнд машин механизм тоног төхөөрөмжийг долоон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хандивлав. Тус арга хэмжээ 2011 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ШУТИС-ийн Механик инженерийн сургуульд боллоо. Хандивын үйл ажиллагаанд БСШУ-ны сайд Ё. Отгонбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон, АНУ-ын Батлан Хамгаалах болон Армийн атташе Жонатан Лау, Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, МСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд дарга Бурак Инанч, ШУТИС-ийн проректор Я.Наранцэцэг, Т.Батбаяр, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн захирал болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

 

АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн агентлагаас хэрэгжүүлдэг Хүмүүнлэгийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд ардчилалыг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад АНУ-ын Засгийн газрын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс америкийн цэргийн баазуудад ашиглагдаж байсан машин, тоног төхөөрөмжүүдийг хэрэгцээтэй гэсэн улс орнуудад хандив болгон олгодог аж. Энэ шугамаар Япон дахь АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн баазад ашиглагдаж байсан 1,749,253 ам.долларын өртөг бүхий уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын 13 төрлийн, 18 ширхэг хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг монголын долоон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд  хандивлаж байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-д ХАА-н чиглэлийн 2 ширхэг машин, төхөөрөмж, Өвөрхангай аймаг дахь ШУТИС-ийн Технологийн сургуульд Зам, барилгын чиглэлийн 3 ширхэг машин, төхөөрөмж, Дархан-Уул аймгийн “Дархан-Өргөө” сургуульд Барилга, уул уурхайн чиглэлийн 2 ширхэг машин, төхөөрөмж ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дэргэдэх МСҮТ-д Зам, барилгын чиглэлийн 5 ширхэг машин, төхөөрөмж, Булган аймаг дахь МСҮТ-д  ХАА, уул уурхайн чиглэлийн 3 ширхэг машин, төхөөрөмж, Хэнтий аймаг дахь МСҮТ-д Зам, барилгын чиглэлийн 2 ширхэг машин, төхөөрөмж, Төв аймгийн Заамар суман дахь МСҮТ Уул уурхайн чиглэлийн 1 ширхэг машин, төхөөрөмж тус тус хандивлжээ.

 

МСҮТ-үүдээс бэлтгэн гаргаж буй мэргэжилтэй ажилчин, ажилчид, техникийн мэдлэг, чадвар, дадал, ялангуяа зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилчин, ажилтан бэлтгэгдэх сургалтын орчин бүрдэж байгаа тухай МСҮТ-үүдийн захирал нар онцолж байна.

МСҮТ-ийн материаллаг баазыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үйлсэд АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь Суурин төлөөгчийн газар болон АНУ-ын Элчин Сайдын Яамны Батлан Хамгаалахын Атташегийн Алба ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.  
Дээрх сургуулиудыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг МБСГ-тай хамтран зөвшилцсөний үндсэн дээр сонгосон байна.


ЗХШҮГ