“Мэдээлэл Холбооны Технологи Уул уурхайд” сэдэвт онол практикийн хурал
2011-11-18 18:55 Админ

Уул уурхайн салбар үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед орчин үеийн шийдэлтэй мэдээлэл, холбооны технологийн бүтээгдэхүүнийг уг салбарт нэвтрүүлэх, технологиудын талаар харилцан туршлага солилцох, үр ашгийг тодорхойлон хэлэлцэх, хөрөнгө оруулагчдыг татах, цаашлаад уул уурхайн үйлдвэрлэлд мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нэгдсэн зөвлөмж боловсруулах зорилгын хүрээнд уг хурлыг 2011 оны 11-р сарын 11-нд зохион байгууллаа.

Онол практикийн хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК, ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж нийт 30 гаруй байгууллагын 70 орчим үндэсний, гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын удирдлагууд, тэдгээрийн холбоо мэдээллийн технологийн ажил хариуцсан мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, ханган нийлүүлэгчид, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид оролцож хурлын ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

 

Хурлын зөвлөмж

Оролцогчдоос гаргасан илтгэл, санал, асуулга, хэлэлцүүлгүүдийг нэгтгэн Уул уурхайн салбарт мэдээллийн технологийг оновчтой хэрэглэх арга зам, Мэдээллийн технологийн шийдлийг уул уурхайн үйлдвэрлэлд хэрэглэсэн туршлага, нэвтрүүлэхээр төслийн болон судалгааны хэмжээнд явагдаж байгаа ажлуудын хүрээнд ангилан, дүгнэлт хийж дараах зөвлөмжийг гаргаж байна.

  1. Төрийн бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон бичиг баримтад тусгагдсан Мэдээллийн технологи ба Уул уурхайн салбарын хамтын ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тус салбаруудын удирдах дээд байгууллагын дэмжлэг болон хувийн хэвшлийн оролцоо, идэвхийг дэмжих, харилцан үр ашигтай ажиллах хэлбэрийг санаачлах
  2. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг Уул уурхайн онцлог, нөхцөл байдалд зохицуулан хөгжүүлэх талаар тэргүүн туршлагыг судлан, жишиг болгон түгээх, аргачлал, хөтөлбөр боловсруулж, хоёр салбарын зохих түвшний төлөөллүүдэд танилцуулах, сургалт, семинар зохион байгуулах,
  3. Салбар тус бүрийн чиглэлийн сургууль, байгууллага, компаниудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийн санал зөвлөмжийг байнга авч хэлэлцүүлж байх, ижил төстэй системүүд дээр ажиллаж буй инженерүүдийн туршлага солилцох, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  4. Олон улсын хөрөнгө оруулалтыг дэмжих санаачлага, хууль эрхзүйн орчинг сайжруулах чиглэлд санаачлага гарган ажиллахын зэрэгцээ, үндэсний үйлдвэрлэл, Монгол хүний оюуны бүтээлийг түлхүү ашиглахыг дэмжих, ингэснээр тэднийг өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх
  5. Онол практикийн хурлыг уламжлал болгон зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, илтгэлүүдийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах
  6. Баялагт суурилсан эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих бодлогыг хоёр салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тодорхой тусган хэрэгжүүлэх
  7. Төрөөс баримтлах бодлогыг байгууллага, нэгжийн хөгжлийн хөтөлбөрт тусгаж ажиллах
  8. Салбаруудын ажилтнуудын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, хүний нөөцийн бодлогод хамтын ажиллагааг хөгжүүлэх
  9. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжих, үйлдвэрлэлтэй уялдуулах нөхцлийг бүрдүүлэх

 

Зохион байгуулагчид