“НОМ ЗАЛАХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
2019-10-04 00:18

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 60 Үндсэн сурах бичиг, “Профессор багш нарын бүтээлийн ном зүй” 2 боть ном, “НОМ ЗАЛАХ ЁСЛОЛ”-ын арга хэмжээ болж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн удирдлагууд, ШУТИС-ийн Ерөнхий редакцийн зөвлөлийн гишүүд, ШУТИС-ийн түүхийг бичилцсэн үе үеийн профессор багш нар, Монголын нийтийн номын сан, УИХ-ийн Тамгын газрын номын сан, ИДС-иудын номын сан, Шинжлэх ухаан технологийн номын сан, ШУТИС-Хэвлэлийн газрын төлөөллүүд оролцлоо.

     

Арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн “Түүхэн замнал” 6 боть бүтээлийг ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын даргын зөвлөх, МУ-ын гавьяат багш Д.Бадарч, Ректор профессор Б.Очирбат нар хүндэтгэлтэйгээр залж, Үндсэн сурах бичгийн зохиогчдод БАТЛАМЖ гардууллаа.

Монгол улсын дээд боловсролын шинэчлэлийн түүчээ болсон ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагааг хөгжүүлэх, оюутан суралцагчдын сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрдэмтэн, профессор багш нарынхаа мэдлэг, ур чадвар, хамтын хүчин чармайлтыг бүрэн дайчилж, ШУТИС-ийн “ҮНДСЭН СУРАХ БИЧИГ”-ийг бүтээн хэвлүүлэх ажилд бүрэлдэхүүн сургуулиудаа манлайлан тэргүүлсэнд ЭХС, БуХС-ийн эрдмийн хамт олонд баяр хүргэж ТАЛАРХАЛ гардууллаа.

     

      

Мөн  ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нарын шинжлэх ухаан, технологийн чиглэлийн эрдэм судлалын бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэрэгцээт мэдээллийг богино хугацаанд олж авахад туслах зорилготойгоор ном зүйн стандарт бичлэг, аргачлалын дагуу гаргасан ШУТИС-ийн “Профессор багш нарын бүтээлийн ном зүй” 2 боть бүтээл бүтээсэн ШУТТНС-ийн хамт олонд ТАЛАРХАЛ өргөн барилаа. Тус бүтээлд 1 100 гаруй профессор багш нарын 26 000 орчим бүтээлийн мэдээллийг  багтаан, хэвлэмэл болон цахим хэлбэрээр оруулсан нь судлаач, доктор, магистр оюутнууд, нийт уншигчдын судалгааны ажилд үнэтэй чухал эх сурвалж болсон байна.