“Миграци ба түүх, даяарчлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжиллтай болж өндөрлөлөө
2011-11-23 18:19 Админ

ШУТИС-ийн НТС-иас жил бүр зохион явуулдаг миграцийн асуудлыг судлан шинжилдэг олон улсын эрдэм шинжилгээний хурал  2011 оны 11 сарын 18-нд “МИГРАЦИ БА ТҮҮХ, ДАЯАРЧЛАЛ” сэдвийн дор амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлыг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриад, Монгол, Төвд судлалын хүрээлэн, ЗГ-ын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, ШУА, Түүхийн хүрээлэн, МУИС, БИС зэрэг манай их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран зохион байгууллаа.

           Хурлыг нээж Академич. Ж. Болдбаатар, ШУТИС,  эрдэм шинжилгээ, технологийн проректор проф. Б. Очирбат ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриад, Монгол, Төвд судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч проф. Данилов С. В, НТС-ийн захирал доктор (Ph.D) Б. Пүрэвсүрэн нар үг хэлэв. Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлын онцлог нь Монголын түүхт их ойнуудад зориулагдсан явдал байлаа. Тийм учраас “ЭРТ, ДУНДАД ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН”, “ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН МИГРАЦИЙН АСУУДАЛ” гэсэн хоёр үндсэн салбарт хуваагдан гадаад, дотоодын 34 эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцсэн. Хуралдаануудыг академич Ж. Болдбаатар, ШУТИС-ийн ректорын албаны дарга доктор (Ph.D) Ю. Болдбаатар, проф. А. Энхбаатар, дэд проф. Д. Сэрдарам, дэд проф. Б. Даваажав, доктор (Ph.D) Л. Эрдэнэболд, доктор (Ph.D) О. Болормаа нар даргалан явуулав.

Монголчуудын түүхэн дэх миграцийн асуудлуудыг судласан эрдэмтдийн илтгэлүүдээс ОХУ-ын судлаач Миягашев Денисийн “Төв Азийн миграцийн үйл явц” (хүрлийн үеэс-Хүннүгийн үе), МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч проф.  П. Дэлгэржаргалын “Сяньби нарын нүүдэлтэй холбогдох зарим асуудал” ШУА, Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны секторын эрхлэгч доктор (Ph.D) Ц. Цэрэндоржийн “Монгол угсаатны хүн амын өсөлт” (XIII зууны эхнээс XX зууны эхний хагас) зэрэг илтгэлүүд судлаачдын анхаарлыг татаж байлаа.

Харин “ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН МИГРАЦИЙН АСУУДАЛ” сэдэвт II хуралдаанд НТС-ийн ахлах багш Н. Нямдоржийн “Гадаадын иргэнд Монгол Улсын харъяат хүүхэд үрчлүүлж буй байдал”, мөн тус сургуулийн багш  Ж.Баасангэрэл “Хүн амын дотоод шилжих хөдөлгөөн ба ядуурал” (Улаанбаатар хотын жишээн дээр) зэрэг илтгэлүүд шинэ содон байсан бол ЗГ-ын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дэд дарга (Ph.D)  Х. Гэрэлчулуун, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэ нарын илтгэл нь манай багш, судлаачидад шинэ мэдээлэл өгснөөс гадна Монгол улсын засгийн газраас манай нийгэмд тулгарч буй миграцийн асуудлууд дээрх байр суурь, бодлого үйл ажиллагааг танилцуулсан чухал ач холбогдолтой байлаа.  ОХУ-аас ирсэн проф. Данилов Сергей, судлаач  Варнавский П.К. нарын илтгэлүүд нь бас хойд хөрш орны маань миграцийн судалгаа, шинжилгээ ямар түвшинд явагдаж буйг бас бидэнд харуулсан юм.

            Манай хуралд оролцсон гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид сүүлийн жилүүдэд миграцийн асуудлыг тогтмол судлаж, хүчтэй баг бүрдүүлж буй ШУТИС-ийн НТС-ийн хамт олонд талархал илэрхийлж “МИГРАЦИ” бол танай брэнд судалгааны сэдэв болж буйг тэмдэглээд өөрсдийн санаал, шүүмжилэлийг идвэхтэй хэлж илүү нээлттэй байсан нь бидэнд урам зориг, сургамж авхад ихээхэн тус дэм боллоо. 

Хурлын төгсгөлд НТС-ийн захирал доктор (Ph.D) Б. Пүрэвсүрэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Ц. Батцэрэн нар энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын явц, үр дүнг дүгнэж үг хэлж 2012 онд зохион байгуулах хурлын ерөнхий сэдвийг эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлсэн. Тэдний зүгээс “Миграцийн сэтгэл зүй, олон нийтийн харилцаа”, “Миграци ба технологи дамжуулалтын асуудал”, “Төв Азийн миграци: аюул, боломж”, “Орчин үеийн миграцийн тулгамдсан асуудлууд” гэсэн сэдвүүдийг санал болгож байв.