“IFOST-2019” форум Томскийн политехникийн их сургуульд боллоо
2019-10-30 07:53

Олон улсын стратегийн технологийн 14 дэх удаагийн форум “IFOST 2019”  энэ оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд ОХУ-ын Томск хотын Томскийн политехникийн их сургууль /ТПУ/ дээр амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү хуралд Орос, Герман, Хятад, Өмнөд Солонгос, Монгол, Франц, Бразил, Казакстан зэрэг орны 220 орчим судлаачид оролцож, шинэ материал нанотехнологи, мэдээлэл-харилцаа холбооны технологи, механик инженер, роботехник ба автоматжуулалт, эрчим хүчний эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч, хими, биотехнологи, хэрэглээний инженер ба менежмент зэрэг маш өргөн хүрээтэй сэдвээр судалгааны ажлаа хэлэлцүүллээ.

IFOST нь 2006 оноос эхлэн жил бүр өөрийн гишүүн сургуулиуд болох ШУТИС /Монгол/, Улсаны их сургууль /Өмнөд Солонгос/, Харбины шинжлэх ухаан, технологийн их сургууль /хятад/, Хемницийн технологийн их сургууль /Герман, Новосибирскийн техникийн их сургууль /Орос/, Томскийн Политехникийн их сургууль /Орос/-иуд дээр ээлжлэн зохион байгуулагддаг уламжлалтай.

Томскийн политехникийн их сургууль дээр зохион байгуулагдсан тус форумын нэгдсэн хуралдааны уригдсан илтгэлд Германы Штутгартын их сургуулийн профессор Харальд Гиссен, Францын Экс-Марселийн их сургуулийн профессор Сильвен Марк, Бразилийн Жюиз дэ Форагийн их сургуулийн профессор Моисэс Рибэйро нар орчин үеийн шинэ материал, техник, арга технологийн талаар сонирхолтой судалгааны үр дүнгүүдийг танилцуулав. Жишээ нь, профессор Харальд Гиссен дэлхийн хамгийн жижиг дурангийн талаар танилцуулсан ба түүний судалгааны чиглэл нь хэт авиан нанооптик, плазмоник, метамматериал, 3D хэвлэмэл бичил ба нанооптик, хэт ягаан туяаны оптик зэрэг бөгөөд Штутгартын их сургууль, үйлдвэр хоёр хамтран дэлхийн хамгийн жижиг дуран бий болгох ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

 

Тус форумд ШУТИС-иас нийт 22 багш, судлаачид оролцсоны 12 нь аман илтгэл тавьж, бусад судлаачид бүтээлээ хэвлүүлж оролцлоо. Шилдэг ханан илтгэлийн төрөл /Best Poster Award/-д ГУУС-ийн багш Б.Тамирын “Hypothesis for calculation of the rock pressure reaction within the secondary stress field of horizontally excavated mining, for different types of duarrying” бүтээл шалгарлаа.

 

 

Энэ жилээс эхлэн оюутнууд хэрэглээнд чиглэсэн судалгааны ажлын төслөөр оролцох тэмцээн  “Global Capstone Design Project Contest” зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү тэмцээнд Улсаны их сургууль, Томскийн политехникийн их сургуулийн оюутны багууд өрсөлдөж, Томскийн оюутны баг түрүүллээ.

    

IFOST-ийн гол зорилго нь Азийн бүс нутгийн орнуудын их сургуулиудыг Орос, Европын улс орнуудын их сургуулиудтай холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага хуваалцах юм гэдгийг Томскийн политехникийн их сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан орлогч дэд захирал Роман Оствальд дурдсан юм.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,  ИННОВАЦИЙН ГАЗАР