Хэрлэнгийн Олон улсын геологийн экспедицийн 21 дүгээр ээлжит хурал Хятад улсад зохион байгуулагдав
2019-11-05 23:06

Хэрлэнгийн Олон улсын геологийн экспедицийн 21 дүгээр ээлжит Хятад улсын Хэбэй мужийн Хэбэй Гео их сургуульд зохион байгуулагдав. Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн анхны хурал 1977 оны 5 сард Улаанбаатар хотод “Дорнод Монголын геологи ба металлогенийн асуудал” нэртэй зохион явуулснаас хойш, эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн цуврал хэвлэл, хурал тогтмолжиж, хамтын ажиллагаа өргөжин тэлсээр хоёр жил тутамд Монгол, Орос, Хятад гурван улсад ээлжлэн хуран чуулдаг болсон. Энэ жил экспедицийн ээлжит хурлыг “The 21st Kerulien International Conference on Geology and 2019 High Level Forum on Synergic Development of Beijing Tianjin Hebei in Ecological and Geological Environment” нэрээр 11 дэд сэдвийн дагуу, гурван салбар хуралдаанд хуваагдан, гурван өдрийн турш хуралдлаа.

Хурлыг Хятадын Шинжлэх ухаан, технологийн ассоциаци, Хятадын Геологийн холбоо, Хэбэй мужийн Академичдын нийгэмлэг, Хэбэй мужийн Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн удирдамжаар Хэбэй Гео ИС, ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний судалгааны техникийн ИС, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн ИС, Хэбэйгийн геологийн холбоо, Тианжины геологийн холбоо, Бээжингийн геологийн холбооны санаачилгаар Хэбэй Гео ИС, Хэбэйгийн геологийн холбоо зохион байгуулав.

Хурлын нээлтийн үеэр

Хуралд оролцогчид

Хуралд Монголоос ШУТИС-ийн Гео шинжлэх ухааны төвийн захирал, профессор О.Гэрэл, “Эрдэнийн эрэлчид” холбооны ерөнхийлөгч, доктор Д.Оюунцэцэг, ШУТИС, ГУУС-ийн профессор Б.Мөнхцэнгэл, ахлах багш О.Мөнхцэцэг нар оролцов.

Хурлын нээлтэд Монголын талын эрдэм шинжилгээний удирдагч О.Гэрэл үг хэлж ШУТИС-ийн болон Монголын оролцогчдын өмнөөс баяр хүргэлээ. Мөн ерөнхий хуралдаанд О.Гэрэл, Б.Мөнхцэнгэл нар “Хожуу палеозой-мезозойн магматизм ба Монгол-Агнуурын бүсийн геохимийн хөгжил" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Хуралд оролцсон Монголын төлөөлөл

“The 21st Kerulien International Conference on Geology” салбар хуралдаанд О.Мөнхцэцэг, Ц.Мөнгөншагай, К.Ямамото, Д.Чулуун нар “Zircon U Pb age dating and tectonic implications of igneous rocks in Eastern Mongolia” сэдэвт илтгэл хэлэлцүүлэн, “The Youth Excellent Report Award” хүндэт жуух бичгээр шагнуулав.

Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн тухай:

Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийг Политехникийн Дээд Сургууль (хуучин нэрээр, одоогийн ШУТИС)-ийн профессор С.Дашдаваа, Ж.Ган-Очир, Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн профессор В.И.Сизых нарын санаачилгаар сургалтыг эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлтэй нягт холбон, хамтран сайжруулах зорилгоор 1974 онд байгуулсан түүхтэй.

Геологи, эрдэс баялаг судлалын багш, эрдэмтэн геологич, залгамж халаа, залуу судлаачдын сургалт – судалгаа – үйлдвэрлэлийн томоохон төв болон хөгжиж ирсэн Хэрлэнгийн олон улсын геологийн экспедиц (ХОУГ) ийнхүү түүхт 45 жилийн ойтойгоо золгож байна.

ХОУГ экспедици нь Монгол орны Төв ба Дорнод нутгийн геологийн тогтоц, структурын хөгжил, ашигт малтмалын ордын байрлал, тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг илрүүлэн судлах сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогц хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиглэлээр ажилласаар ирсэн байдаг. Экспедицийн эрдэм шинжилгээний удирдагчаар С.Дашдаваа, Ж.Ган-Очир, С.В.Новоселов, Д.Чулуун нар ажиллаж байлаа. Одоо эрдэм шинжилгээний удирдагчаар Монгол улсын Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, профессор О.Гэрэл ажиллаж байна. 

Экспедицийн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд Шинжлэх ухааны доктор 4, боловсролын доктор 17 хүн хамгаалж, 21 удаагийн эрдэм шинжилгээний ээлжит хуралдаан, өгүүлэл нийт 400 шахам, сурах бичиг гарын авлага 20 гаруйг бүтээн туурвисан амжилттай ажиллажээ.

Экспедицийн энэхүү шинжлэх ухааны чиглэл, онол, арга зүй, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн бүтээлч үйл ажиллагаанд Эрхүүгийн Улсын Их сургууль, Эрхүүгийн Үндэсний Шинжлэх ухаан, Техникийн Их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн Дэлхийн чулуулаг бүрхүүлийг судлах институт, Виноградовын нэрэмжит Геохимийн институт, Өвөрбайгалийн (Читийн) Комплекс геологи, геофизикийн эрдэм шинжилгээний институт, Бээжингийн Газрын тосны сургууль, Хятадын Хэбэй мужийн Хэбэй Геологийн Их сургуулийн удирдлага, геологич эрдэмтэд, судлаач багш, оюутан нар хамтран ажилладаг.