Монгол улсын Хөнгөн үйлдвэрийн салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн мэндчилгээ
2011-11-29 20:03 Админ

Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны Сургууль нь хичээлийн байр, Ой модны сургалт судалгааны хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, 320 оюутан амьдрах хүчин чадал бүхий оюутны дотуур байр, 4 номын сан мөн Барилгын болон Модны чадавхийн төв, Ноос, ноолуурын чанарын сорилтын төв, Хэвлэлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Хувцас судлалын төв, Арьс ширний дэвшилтэт технологийн төв, Ноос ноолуурын эрдэм шинжилгээ, инновацийн төв, Ноос, ноолуурын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэсэн 5 салбар, 9 профессорын баг, 2 тэнхим, 8 эрдэм шинжилгээний төвтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний цогц үйл ажиллагаа явуулж байна.

Тэртээх 1961 онд анх “Хөнгөн үйлдвэрийн механик инженер” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэнээс хойш тус сургуулийн үйл ажиллагаа улам өргөжин тэлж, 1971 оноос “Мебель модон эдлэлийн технологи”, 1979 оноос “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, 1986 оноос “Оёмол бүтээгдэхүүний технологи”, 1992 оноос “Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт”, 1995 оноос “Үслэг, арьс ширэн эдлэлийн технологи”, 1996 оноос “Ойн инженер”, 1998 оноос “Хэвлэлийн үйлдвэрийн технологи” болон “Хөнгөн үйлдвэрийн менежмент”, 2001 оноос “Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт” болон “Үслэг арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт”, 2005 оноос “Барилгын модон эдлэлийн технологи” мэргэжлүүдээр үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд нийт 3500 гаруй мэргэжилтэн төгссөн нь Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарт томоохон хувь нэмэр оруулсаар ирлээ.

Дэлхийн улс орнуудын хөгжил, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиг хандлагатай уялдан зах зээлийн нийгмийн хэрэглэгчдийн олон талт хэрэгцээ шаардлагын дагуу дизайны мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх шаардлага зэрэгцэн бий болсноор анхны дизайнеруудыг тус сургууль 1994 оноос эхлэн бэлтгэж эхэлсэн. Өдгөө Үйлдвэрлэлийн дизайн (1994), Нэхмэлийн дизайн (2000), Хувцасны дизайн (2000), Мебель модон эдлэлийн дизайн (2000), Компьютерийн график дизайн (2003), Хэвлэлийн график дизайн (2001) гэсэн 6 мэргэжлээр нийт 600 гаруй мэргэжилтэн төгссөн нь манай улсын анхдагч дизайнерууд болсон төдийгүй мэргэжлийнхээ манлайлагчид болж сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж байна.

Тус сургуульд элсэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж жилд 500 гаруй оюутан шинээр элсдэг ба хөнгөн үйлдвэрийн менежмент, технологи, инженерийн 11 мэргэжлээр 1200, зохион бүтээлт, дизайны 8 мэргэжлээр 1100 гаруй, нийт 19 мэргэжлээр 2300 орчим оюутантайгаар бакалавр, магистр, докторын сургалтыг явуулж байна.

Багшлах боловсон хүчний хувьд гадаад, дотоодын нэр хүнд бүхий их дээд сургуулийг төгссөн, магистр докторын зэрэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай, эрдмийн зэрэг цолтой профессор багш нар хичээл заадаг. Нийт профессор, багш нарын 35% нь багш, 65% нь ахлах багш, дэд профессор, профессор, тэргүүлэх профессорын албан тушаал дээр ажиллаж байна.

Сургууль үүсэн байгуулагдсаны түүхэн хагас зуун жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн үе үеийн захирлууд, эрдэмтэн профессор багш нар, ажилтан, ажилчид, төгсөгчид, оюутнуудад баярын мэндийг дэвшүүлж Та бүхний цаашдын сургалт, эрдэм судлал, бүтээл туурвил, хөдөлмөрт тань бахархам амжилтыг билэгдэн ерөөе!

Ойн арга хэмжээг зохион байгуулах комисс