БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийн доктор (ph.d) Ким Хун Жин ШУТИС-ийн “Хүндэт профессор” боллоо
2012-01-21 21:59 Админ

БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийн эдийн засаг, санхүүгийн тэнхимийн профессор доктор (ph.d) Ким Хун Жинд ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол гардуулах ёслол 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд боллоо. Ёслолыг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нээж үг хэлж, ректорын зөвлөлийн хурлын шийдвэр, доктор Ким Хун Жиний товч намтарыг Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат уншиж танилцуулав.

     Доктор Ким Хун Жин 1996 оноос эхлэн Монголын эдийн засгийн талаарх судалгааны ажлаа эхлүүлж түүнээс хойш жил бүр Монгол, Солонгос улсын их дээд сургуулиас зохион байгуулсан ЭШ хурал, семинарт монголын эдийн засгийн талаар хорь гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна. Одоо Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн дэд тэргүүнээр ажилладаг юм. 1999 оноос Нээлттэй кибер их сургууль (OCU: Open Cyber University) консорциум (Улсын 20 их дээд сургууль хамрагдсан)-д “Монголын нийгэм, эдийн засаг ба соёл” цуврал лекцийг 10 жил эрхлэн явуулжээ. Уг лекцэд хамрагдаж буй оюутны тоо жил бүр өссөөр байгаа бөгөөд тэдгээр оюутнуудад монголын түүх, эдийн засаг, нийгэм, соёлыг таниулахын төлөө тууштай ажиллаж байна.

 


     Мөн 1999 оноос эхлэн Зүүн хойд ази, номхон далайн орнуудын залуучуудын нийгэмлэг (PAS: Pacific Asia Society)-ийн сайн дурын багийн удирдагчаар 10 гаруй жил ажиллахдаа монголд ирсэн багийг байнга ахалж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан. Зүүн хойд ази, номхон далайн орнуудын залуучуудын нийгэмлэгийн баг нь БНСУ-ын их, дээд сургуулиас хүсэлт гаргасан 20-25 оюутнаас бүрддэг бөгөөд оюутны зуны амралтаар 3-4 долоо хоногийн хугацаанд бүсийн орнуудад айлчлан солонгос хэлний сургалт, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг ажээ. Монгол Улсад айлчлах хугацаандаа МУИС, ШУТИС, Улаанбаатарын их сургууль, Их Засаг зэрэг их, дээд сургуультай хамтран үйл ажиллагаагаа явуулж иржээ.

 

     Тус сургуультай 2005 оноос эхлэн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2007 онд Сүн Чон Хян Их Сургуулийн урилгаар  ШУТИС-ийн хорин профессор багш БНСУ-д айлчилж түүх, соёлын дурсгалт газруудтай танилцжээ. Өнөөг хүртэл хоёр сургуулийн удирдлага, профессор багш нар харилцан айлчилж байна. Одоогоор ШУТИС-ийн 50 гаруй оюутан залуус Сүн Чон Хян Их Сургуульд суралцаж байна.
     Доктор (ph.d) Ким Хун Жин 2010-2011 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-д зочин профессороор ажиллаж байх хугацаандаа Макро эдийн засгийн онол болон Солонгос хэлний тэнхмийн оюутнуудад дүрс үсгийн хичээл зааж байсан юм.


ЗХШҮГ