“MUST START-UP” тэмцээний ялагчдад судалгаа, хөгжлийн ажлын грант олгов
2021-09-21 18:27 ЗАА

Оюутны гарааны бизнесийн шинэ санаа, технологийн шилдэг шийдэл шалгаруулах “MUST Start-Up” уралдаан 2021 оны 5 дугаар сарын 20 ний өдөр болж өндөрлөсөн билээ. Ковид-19 –ийн нөхцөл байдлын улмаас тэмцээний ялагчдад судалгаа, хөгжлийн грант олгох ажлыг хойшлуулсан байсныг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гардууллаа.

Ийнхүү тус тэмцээнд өөрсдийн шинэ, санаа технологийн шийдлээр шалгарсан багууд ШУТИС-ийн Технологи дамжуулах төвтэй үр дүнгийн гэрээ байгуулж судалгаа, хөгжлийн ажлаа эхлүүлэх боломжтой боллоо. Судалгаа хөгжлийн грант олгох арга хэмжээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал профессор Т.Намнан, Бизнесийн удирдлагын сургуулийн профессор Я.Оюунтунгалаг, доктор Т.Сүмжидмаа  болон оюутны багаа амжилттай удирдаж оролцсон доктор Б.Бат-Эрдэнэ,  Ц. Хүрэлбаатар нарын багш судлаачид оролцлоо.  

MUST Start-UP тэмцээний I байранд “Лего робо” баг шалгарч 5.000.000 төгрөгийн грант хүртсэн ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан робот хөгжүүлэх зорилготой тус баг нь Доктор Ц.Хүрэлбаатар удирдагчтай МХТС-ийн оюутнууд юм.  Дархан IoT баг орон нутагт зүйлсийн интернетийн (IoT) хэрэглээг нэмэгдүүлэх санаагаараа 3.000.000 төгрөгийн грант хүртэж II байранд шалгарав.  Харин MUST Start-UP тэмцээний III байранд  ХШУС-ийн докторант оюутан болох Ганзаяа ахлагчтай Pelos баг шалгарч 2.000.000 төгрөгийн грантын үр дүнгийн гэрээ байгуулав. Тэд оюуны өмчийг эзэмшиж байгаа нь давуу тал болсон юм.

Тус тэмцээний тусгай байранд дроны технологи хөгжүүлэгч Сивилицкий Аэролити (МеХТС ) болон Эрчим хүчний сургуулийн Бя.Бат-Эрдэнэ докторын удирдсан эрүүл мэндийн киоск нэвтрүүлэх “АIA” багууд шалгарч 600,000 төгрөг болон 400,000 төгрөгийн судалгааны ажлын урамшуулал хүртсэн юм. Амжилттай оролцсон шилдэг багийн оюутнуудад энтрепренёр хөтөлбөрийн гэрчилгээг энэ үеэр мөн гардууллаа.

Мөн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ инновацийн газраас эрхлэн гаргадаг “Шинжлэх ухаан технологи, танин мэдэхүйн сэтгүүлд” амжилттай оролцсон 15 багийн бүтээгдэхүүний танилцуулгыг хэвлүүлж хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр Технологи дамжуулах төв дэмжиж ажиллахаар болов.

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ