“Залуу зохион бүтээгч” уралдааны шилдэг 31 бүтээлийн үзэсгэлэн гарлаа
2012-03-24 01:25 Админ

   МҮОНТ хүүхэд залуусын техник бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, тэдний багаар ажиллах чадварыг төлөвшүүлэх, үндэсний инженер техникийн чадварлаг боловсон хүчинг олноор бэлтгэх зорилгоор "Залуу зохион бүтээгч" төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. 2012 онд төсөл улам өргөжиж эх орондоо Баруун бүс Увс аймаг, Зүүн бүс Дорнод аймаг, Төвийн бүх Улаанбаатарт гэсэн үндсэн 3 маршрутаар 1-р шатны шалгаруулалтаа зохион байгуулсны зэрэгцээ ӨМӨЗО-ны Хөх хот, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотуудад мөн 1 шатны шалгаруулалтаа зохион байгуулж нийт 350 зохион бүтээгч хөдөлмөрч залуус 700 гаруй санаа бүтээлээр уралдаанд идэвхтэй оролцжээ. Тус төслийн уралдааны гуравдугаар шатанд тэнцсэн 31 бүтээлийн үзэсгэлэн ШУТИС-ийн Номын сан болон гадаа талбайд гарч байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллагддаг бөгөөд Ерөнхий сайд С.Батболд  өнөөдөр  бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

 

 

 

    “Монгол улсын хөгжлийг хөдөлгөгч нь монгол хүн өөрөө юм. Өөрөөр хэлбэл “ Монголыг Монгол толгой хөгжүүлнэ” хэмээн бид ярьж байгаа. Ард түмэн нь бүтээгч байх Засгийн газрын  бодлогын  тодорхой  үр дүнгийн нэг илрэл нь залуус та бүхний эдгээр бүтээл болж байна. Жил ирэх тусам энэ уралдааны бүтээлүүд улам чанаржиж байна. 20 жилийн дараах Монгол улс нэлээн гайгүй хөгжилтэй улс орнуудын тоонд орох боломж ч бүрдлээ. Тухайлбал үүнд эдийн засгийн өсөлтийг нэрлэж болох бөгөөд үүнд итгэл нэмсэн нэг зүйл нь залуус та бүхний эдгээр бүтээл юм. Сайн сайхан зүйлийг Засгийн газар бүх боломжоороо дэмжинэ. Мөн түүнчлэн эдгээр бүтээлд хандив болон сэтгэлгээний дэмжлэг үзүүлсэн Монголын үндэсний компаниуддаа талархал илэрхийлж байна” хэмээн Засгийн газрын тэргүүн үзэсгэлэнгийн үеэр залуусд хандан хэлсэн үгэндээ онцоллоо.

 

 

 

 

   Хөрш зэргэлдээ гурван орны хүүхэд залуусын оюун сэтгэлгээгээр бүтсэн хараагүй иргэдэд зориулсан мэдрэгчтэй таяг, зөөврийн ариун цэврийн өрөө, нисэгчгүй онгоц, ухаалаг хүлэмжүүд, төгөлдөр хуур заагч, модыг 100 хувь хаягдалгүй боловсруулах олон үйлдэлт хөрөө рам, өөрөө явагч ногоо хураагч, монгол гэрийг суурин ахуй нөхцөлд зориулан өөрчилсөн гэр, бохир усыг 00-д ашиглаж болох шийдэл гээд олон шилдэг санаанууд эндээс төрөн гарсан байна. Монгол улс цаашид хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болоход энэ төсөл үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхий сайд  ч мөн онцлон тэмдэглэж байлаа. Мөн энэ жилийн бүтээлүүд эко тал руу нэлээн чиглэсэн, багш нар хүүхдүүдтэйгээ нэлээн идэвхтэй оролцожээ.

    Ерөнхий ивээн тэтгэгчээр “Ньюком” групп болон “Изинис”, “Мобинет”, “Мобиком”, “Цэвэр эрчим хүч” компаниуд, ивээн тэтгэгчээр “Монгол Базальт”, “Танан Импекс”, IT спонсороор “MCS” электроникс ХХК- иуд тус тyc ажиллаж байна.

 


ЗХШҮГ