Монгол улсын Гавъяат Багш, Профессор Жүгдэрийн Гэрэлхүүд хүндэтгэл үзүүлэв.
2022-02-08 19:12 Сувд

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ,  ПРОФЕССОР

ЖҮГДЭРИЙН ГЭРЭЛХҮҮ

                                                                                                2022.01.31

Жүгдэр овогтой Гэрэлхүү нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутагт төрсөн. 1963 онд Эрдэнэмандалын дунд сургуулийг “Алтан медаль”-тай онцсайн төгсөж улмаар МУИС-д элсэн суралцаж 1969 онд Барилгын инженерийн мэргэжил эзэмшиж төгссөн. 1969 онд  МУИС-ийн Барилгын архитектурын факультет (БАФ)-д багшаар үлдэн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

Профессор Ж.Гэрэлхүү нь МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д багш, тэнхмийн эрхлэгч, профессороор тасралтгүй 52 жил үр бүтээлтэй ажилласаар байгаа өргөн цар хүрээтэй мэдлэг, арвин баялаг туршлага, зарчимч шударга, хөдөлмөрч  зан чанараараа сургууль хамт олны дунд төдийгүй барилгын салбарын хэмжээнд олны хүндэтгэл хүлээсэн ахмад профессор, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч юм.

Профессор Ж.Гэрэлхүү нь 1998  онд “Монгол орны эрс тэс цаг агаарын нөхцөлд цутгамал бетон, төмөр бетоны технологи боловсруулах судалгаа” сэдвээр докторын (Рh.D) зэрэг хамгаалсан. 2004 онд профессор цол хүртсэн. Монгол улсын зөвлөх инженерийн мэргэжлийн зэрэг, цолтой. ОХУ-ын Эрхүү хотын ПДС, Москва хотын Барилгын инженерийн их сургууль, БНХАУ-ын Нанжин хотын Барилгын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн. Спорт явган аялалын спортын мастерийн зэрэгтэй бөгөөд Монгол орныг хөндлөн гулд явганаар туулжээ.

Профессор Ж.Гэрэлхүү нь “Барилгын процессын технологи”, “Барилгын  угсралтын технологи I, II”, “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт I, II” зэрэг нарийн мэргэжлийн хичээлүүдийг 48  жил олон зуун оюутан залууст зааж сурган, гүн бат мэдлэг эзэмшүүлж эдгээр хичээлүүдээр гүйцэтгэх дипломын төсөл, курсийн болон ангийн ажил, оюутны бие даалтын ажлын олон гарын авлага, аргачилсан заавруудыг анх санаачлан боловсруулж сургалтанд нэвтрүүлэн өөрийн сургуульд төдийгүй барилгын мэргэжлийн бусад их дээд сургуулиудад  барилгын үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалтын чиглэлийн хичээл заах нэгдсэн цөм тогтолцоо, өөрийн гэсэн дэг жаягийг нэгэнтээ бий болгожээ. Түүний бичсэн “Барилгын процессын технологи”, “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” сурах бичгүүд нь иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, архитектур, авто замын барилга, сантехник, усны барилга байгууламж, барилгын материал, барилгын менежментийн мэргэжлийн оюутны  үндсэн сурах бичиг болсон төдийгүй барилгын үйлдвэрлэл, зураг төслийн байгууллагад ажиллаж байгаа олонхи мэргэжилтнүүдийн ширээний ном болж 4 дахин хэвлэгдсэн байна.

Профессор Ж.Гэрэлхүү сургалтын ажлын зэрэгцээгээр өөрийн орны байгаль цаг уурын онцгой нөхцөлд барилгын үйлдвэрлэлийн технологи боловсруулах чиглэлийн өргөн цар хүрээтэй туршилт судалгаа явуулсны зэрэгцээ олон арван мэргэжилтэнд судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүйг эзэмшүүлж магистрын зэрэг хамгаалуулсан. Энэ ажлын хүрээнд  барилгын үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалтын чиглэлээр түүний боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн олон тооны барилгын норм ба дүрэм, норматив, стандарт нь улсын хэмжээнд албан ёсоор мөрдөгдөж байна.

Тэрээр барилгын инженерийн мэргэжлийн болон бусад мэргэжлийн оюутнуудад зориулсан үндсэн сурах бичиг 3, мэргэжлийн ном, нэг сэдэвт бүтээл  15, гарын авлага 11, эрдэм шинжилгээний өгүүлэл 12, сурталчилгааны өгүүлэл   13-г бичиж хэвлүүлсний зэрэгцээ барилгын норм ба дүрэм (БНбД), барилгын дүрэм (БД), МУ-ын стандарт (MNS) 15-г боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн буюу редакторлажээ. Мөн “Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах төсөл”, “Эгийн голын усан цахилгаан станцийн зураг төсөл” зэрэг барилгын салбарын томоохон төслүүдийг боловсруулахад биечлэн оролцсон ба зөвлөх үйлчилгээ үзүүлж байв.

1970 оноос “Оюутан сурагчдын хөдөлмөрийн гавшгай отрядын хөдөлгөөн”-ийг анх удаа санаачлан  Монголын нийт оюутан сурагчдыг хамарсан хөдөлгөөн болгон өрнүүлж чадсан байдаг юм. Түүний удирдсан оюутны “Цамхаг” барилгын отряд нь эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд бусдыг хошуучлан оролцож улсад удаа дараа тэргүүн байр эзэлж улмаар БНАГУ, ЗХУ /хуучин нэрээр/-д барилгын отрядаараа томилогдон ажиллаж байсан ба отряд нь төлөвлөгөөгөө хугацаанаас өмнө давуулан биелүүлж БНАГУ-ын Засгийн газраас шагнагдаж байв.

Тэрээр мөн спортын явган аялалыг нийтийн биеийн тамирын тогтолцоонд хамруулах санаачлагыг анх гаргаж 1978 онд МУИС-д явган аялалын “Аялагч” клуб, 1988 онд ПДС-д “Уул-Ус” клубийг зохион байгуулж ажиллуулсан нь оюутан залуучуудын хүсэл сонирхолд нэн нийцсэн төдийгүй нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр болсон. Ж.Гэрэлхүү нь оновчтой санал, тэргүүн туршлага нийт 5-г санаачилж олон нийтийн хүртээл  болгосон.  Тэрээр энэ хугацаанд ШУТИС-ийн дэргэдэх ҮЭ-ийн Хорооны даргын сонгуульт ажлыг 20 жил идэвхи санаачлагатай гүйцэтгэсэн.

Профессор Ж.Гэрэлхүү нь Монголын Олимпийн Хорооны Чуулган, Монголын Барилгачдын Их Хурал, Барилгын Инженерүүдийн Холбооны Их Хурал, Монголын Архитекторуудын Их Хурал, Монголын Эрдэм Дэлгэрүүлэх Нийгэмлэгийн Их Хуралд төлөөлөгчөөр оролцож байсан ба Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны гишүүн, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны гишүүн юм.

Түүний ажил хөдөлмөрийн амжилтыг үнэлж V, VI, VII таван жилийн гавшгайч, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, “Боловсролын тэргүүний ажилтан”, “Тэргүүний барилгачин”, “Соёл боловсролын Үйлдвэрчний Эвлэлийн тэргүүний ажилтан”, “Залуу үеийг хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан”, “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг улмаар 2004 онд “Алтан гадас” одон, 2013 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнасан байна.

           Профессор Ж.Гэрэлхүү нь туурвисан бүтээлүүдийнхээ олонхийг  буюу “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” /хамтын бүтээл/, “Барилгын процессийн технологи”, ”Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” сурах бичгүүд, “Барилгын үйлдвэрлэлийн нэр томъёоны тайлбар толь”, “Монгол улсын орчин үеийн үйлдвэрлэлийн салбаруудын технологи” /хамтын бүтээл/ номуудыг “Алтан гадас” одонгоор шагнагдсаны дараагаар бичиж туурвин, зөвхөн 2014 онд сургалтанд зориулан 5 гарын авлага хэвлүүлэн, Английн нэрт зохиолч Х.Ладлемийн “Ахмад Скотт” хэмээх 24 хэвлэлийн хуудас бүхий бүрэн түүхийг англи хэлнээс орчуулан нийтийн хүртээл болгож, мөн барилгын норм дүрэм, стандарт 2-г боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.

Профессор Жүгдэрийн Гэрэлхүүгийн сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээ   судалгааны ажлыг нягт уялдаа холбоотойгоор явуулж, Монгол Улсын боловсролын салбар, Монгол Улсын барилгын салбарын олон зуун инженерүүд бэлтгэх их үйлсэд зориулсан 52 жилийн хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын “Гавъяат багш” цолоор шагнуулсанд БАС-ийн хамт олон баяр хүргэж байна.