“Арьс ширний сургалт, судалгаа инновацийн LEATHUB төв” нээлтээ хийлээ
2022-02-25 19:36 ЗАА

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар Бельги улсын Боловсрол, алсын зайн сургалт, соёлын гүйцэтгэх агентлагтай 2019- 2022 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар Монгол улсын арьс ширний салбарын хүний нөөцийг чадавхжуулах 106.400 еврогийн төсөвт өртөгтэй “ Erasmus+Programme Capacity-Building projects in the field of Higher Education  (E+CBHE)” төслийн гэрээг 2019 оны 1-р сарын 15-нд байгуулсан. Төслийн удирдагчаар шинжлэх ухааны доктор, профессор  Л. Удвал Sc.D ажилласан.

Энэхүү төслөөр Английн улсын лабораторийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “SATRA” компанийн Арьс ширний физик-механик шинж чанар тодорхойлох 7 төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулсан.  Эдгээр тоног төхөөрөмжүүд нь арьс ширэн материалын физик механик шинж чанарыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинжлэх, үнэлэлт дүгнэлт гаргах боломжтой.

Төвийн зорилго нь арьс ширний салбарын мэргэжилтнийг бэлтгэх, дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  1. Монголын арьс ширний салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулна.
  2. Арьс ширэн бүтээгдэхүүн, эдлэлийн технологи, зохион бүтээлтийн сургалтыг зохион байгуулна.
  3. Салбарын инженер техникийн ажилтнуудын судалгаа, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулна.
  4. Арьс ширэн бүтээгдэхүүн, эдлэлийн туршилт, судалгаа, үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.
  5. Төв нь бие даан гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран улсын, улсын төсвийн, бизнесийн байгууллагын санхүүжилттэй шинжлэх ухаан, технологи, инновацын судалгааны төсөл хэрэгжүүлэх, гэрээт ажил гүйцэтгэнэ.
  6. Олон улсын зах зээлд өрсөлдөх дэвшилтэт технологи, аргачлал, стандарт боловсруулна.
  7. Инноваци, технологи дамжуулна.

ШУТИС-ийн ахисан түвшний болон бакалаврын хөтөлбөрөөр сургалт, дадлагын болон эрдэм шинжилгээний ажлыг дэмжин оролцож, өндөр чадвартай судлаач бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ